Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны гуравдугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын гишүүд наймдугаар сарын 16-ны нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан.

Үндсэн хуулийн цэц 2024 оны зургаадугаар сарын 12-нд дунд суудлын хуралдаанаа хийж, ц магдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан ч тус зүйлийн 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно…” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэн юм.

Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны саналыг дэмжин, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны гуравдугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Таны сурталчилгаа