Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди манай улсад энэ сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцахаас гадна хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм. Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайди айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.
Энэхүү айлчлал нь Оманы талаас Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоож байв.