Цаг үеийн мэдээ

Улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдэгсдийн өдөрт зориулан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тус дүүргийн "Сүүн бэх" утга зохиолын нэгдэл, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран зохион байгуулсан "Нэргүй баатрууд 2024" яруу найргийн наадам 2024 оны 9-р сарын 6-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд боллоо.

Наадамд эхний шатаас шалгарсан 34 яруу найрагч шүлгээ уншин өрсөлдсөнөөс Эрдэнэт хотоос ирсэн залуу яруу найрагч Г.Хашбаатар түрүүлж, "Болор цом"-ын эзэн яруу найрагч М.Амархүү удаалж, гутгаар байрт наадмыг санаачлагчдын нэг, яруу найрагч, сэтгүүлч В.Нэргүй, шагналт тусгай байрт Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Я.Отгонбаяр, "Эх орны цэрэг" яруу найргийн наадмын тэргүүн шагналт яруу найрагч А.Түмэнбаяр нар орлоо.

"Нэргүй баатрууд 2024" наадамд тэргүүлсэн Г.Хашбаатарын шүлгүүдийг хүргэж байна. 

I даваа  II даваа  III даваа

СҮҮДРИЙН ХҮМҮҮС

/Хэлмэгдсэн Буриадуудын гэгээн дурсгалд зориулав /

I

Сул сар ганхан хийсээд тогтоол усны замганд торно

Соом загас намган дундаас үүлсийн сэмэрхийг өөртөө түрхнэ

Сохор бариач гар атгаад хууч өвчинг оношлох шиг

Салхины мутарт  шивнээ үг сарних адил тунгалаг энэ шөнө

Хэдэн Буриад Манжийн тохойн дэрсэн дундуур

Хэн хэнээ чирэн гүйсээр дайжиж явсныг дурсмуй би.

II

Усны захаар удмаа цангааж дөрвөж явсан хөвүүний

Урсгал сөрсөн эр зориг нурсан эрэг нүхэлнэ.

Дурсан санасан халимаг өвгөний 

Хурсан нулимс хуучирч гандана.

III

Өгөр хожуул өмхөрч гандаад,

Үнэний түүх сэмэрч шарлаад,

Хэн ч биш асан тосгоны хэдэн хөвүүд

Хэлмэгдэлтийн наран доор 

Хэцүү цагийн сүүдэр болно.

IV

Эрээн алчуур дэрвэх, өвсний сэрээ бөхийхөд

Эгч нь талхаа түлж, эх нь сүүгээ асгав.

Модон пүнз нь  ямбийж, мойл ястайгаа хатахад

Эмгэд уужаа нууж, өвгөд илжгээ төхөөрнө.

Чухамхүү өнөөх хөвүүдийг хүлээх

Чулуун тээрэм л он цагийг бутална.

V

Эрт хийгээд орой гараа өргөж асан

Тэгээд гараа өргөөд тэнгэр тэмтэрч асан

Олон тэр Буриад хөвүүдийг 

Одоо үнэндээ хэн ч санахгүй. 

Гэлээ ч

Эрх чөлөө бүхнийх нь төлөө

Ийм тунгалаг гэгээн шөнөөр

Их бага, том сүүдрүүдийг

Эргэн эргэн дурсах, 

Өртэй билээ бид.

...

Буриад хөвгүүд

Модны бохь зажилна.

Басгадын асаасан зуух

Боргоцой зажилна.

Модон шалан доорх зооринд

Мойлны дармал унтана.

Мойног хуруу шиг махир 

Түгжээ нь согтуу үзэгдэнэ.

Даруулгатай өсгөнө гэхдээ эцэг минь

Даршилсан өргөст хэмх, хасах хэмд унтах тэнд

Дармал болоод хулууны чанамалтай хамт айдсыг минь өвөлжүүлнэ.

Эргэнэг налж өдрийг зогоох гэдэг өвлийн нарыг

Ээж хөшиг нээж оруулна.

Зоорины аманд халуун нар хэвтүүллээ гэж

Зөрж эцэг минь ундууцна.

Төрсөн өдөр, Шинэ жил, Цагаан сар, Мартын найман, Цэргийн баяр

Цөмөөрөө л зоориноос гарч ирдэг сэн.

Зэгэл модон шалан завсраас

Зэрлэг сонгино, сөд өвс, тэхэн шээг үнэртдэг сэн.

Зоорьтой гэдгээсээ ичдэг дүү бидэн хоёрын

Зориг зүрх ч тэндээс үнэртдэг сэн.

Хожим нь, эцэгтэйгээ шалаа сольж суухад

Хаалга нь гажиж, мод нь илжирсэн өнөөх зоорины чийгнээс

Хаврын бороо л үнэртсэн дээ.

ХҮҮРНЭГЧ ЗӨГИЙ

               “Салхивчийнхаа үүдэнд намрыг хүлээх зөгий, Би...

                Сархиагт үүрэндээ намрыг хүлээх зөгийд бий”

Цэцгийн тоос бутарч, агаарт анхилав,

Чи бидэн яаж зуныг барна даа.

Хатгуураа гээж аглагт суумаар

Хачин сайхан өглөө вэ? 

Хэдхэн хоногтой гэрийн зөгийдийн

Хичээнгүй нь хэнд хэрэгтэй билээ,

Нислэгт гараад шимт ургамлуудыг

Нэрээр нь дуудмаар сайхан өдөр вэ?

Үхэр хэдгэнийг би үргэлж өрөвддөг,

Үнэндээ тэднийг үзэн яддаггүй л дээ.

Бид хүмүүс шиг хэн хэнээ хэмлээгүй

Бэгтэрч шаналж, зовж үзээгүй.

Дээд салхивчийн ташаалавч дээр 

Дэмий л, өдрийг барлаа

Балт ургамлын цоморлог хагдарч

Бушуу намар ирээсэй.

НЭГЭН ТЭМЭЭЛЗГЭНЭ

Хаанаас ч юм гарч ирээд

Нэгэн тэмээлзгэнэ,

Оройжин гэрлийн бүрхүүл ээрлээ.

Гэрлийн туяадас хивсний ширхэг бүр лүү

Гүн шигдэх тоолонд

Би түүнийг дагаад орчихоосой гэж хүсэв.

Унтаад сэртэл тэр алга,

Улаан, хуучин хивснийхээ 

тоосыг соруулж зогсоход

Тоос сорогч маань тэмээлзгэнэ болоод

Тэр хавиар нэг нисэж эхэллээ.

Эхнэр сэрээд өнөөх тэмээлзгэнийг

“Ингээд хүн унтуулахгүй байгаарай” гээд

Цонхоор шидэж орхив.

Хивсний ширхэг дундах гэрлийн туяанууд

Хэн хэн рүүгээ 

намайг шоолон жуумалзацгаалаа. 

Шинэ тэмээлзгэнэ авахаар

Хуучин ажилдаа би явлаа.

Таны сурталчилгаа