Цаг үеийн мэдээ

БНМАУ-ын алдарт гавьяат, зууны манлай уртын дууч Ж.Дорждагвийн нэрэмжит “Дуртмал сайхан” уртын дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 21-23-ны өдрүүдэд болох гэж байна. Монгол оюуны давтагдашгүй өв, үндэстний уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн дуучдын дуулах арга техник, хэв намба, дэг сургалтыг судлах, сурталчлах, ахмад-дунд-залуу үеийн дуучдын залгамж холбоог бэхжүүлэх зорилготой энэ уралдааныг “Монголын уртын дууны холбоо” санаачлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор, Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Мөн эдгээр өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд "уртын дуучдын уухайн түрлэг" болно. 

ХАМРАХ ХҮРЭЭ: 

- “А” зэрэглэл буюу мэргэжлийн дуучид, их, дээд сургуулийн III,IV дамжааны оюутнууд.

- “Б” зэрэглэл буюу ардын авьяастан, их дээд сургуулийн I,II дамжааны оюутнууд.

- “В” зэрэглэл буюу өсвөрийн уртын дуучид (17 нас хүртэлх).

БҮРТГЭЛ: 

Бүртгэл цахимаар хийгдэх бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны 10:00 цагаас нээгдэж, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны 10:00 цагт хаагдана. Бүртгэлийг  “МОНГОЛЫН УРТЫН ДУУНЫ ХОЛБОО”-FACEBOOK PUBLIC GROUP-т бүртгэлийн линкийг байршуулж, цахимаар бүртгэнэ. Бүртгэлийн хураамж “А”, “Б” зэрэглэл 50.000 төгрөг, өсвөрийн уртын дуучид буюу “В” зэрэглэл 20.000 төгрөг. (Данс- 5027904873 Монголын уртын дууны холбоо, Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар)

Жич:  Бүртгэл баталгаажсан оролцогчид 2024 оны 09 дүгээр сарын 21-ний 10:00 цагт уралдаанд оролцох дарааллаа сугална. Уралдаан болох газрыг тус өдөр нэгдсэн байдлаар зарлана.

УРАЛДААНД ДУУЛАХ ДУУ:

“А” зэрэглэл:

I шат:  Дараах нэр заагдсан хоёр хэсэг дуунаас тус бүр нэгийг сонгож дуулна.

II шат: Дараах 1-р хэсэгт нэр заагдсан  дуунуудаас 1 дуу, мартагдсан дуу 1-ийг  өөрийн сонголтоор тус тус дуулна. 

Жич: 1-р шатанд дуулсан дуугаа дахин дуулахгүй.

Нэр заагдсан айзам дуунаас 1 дууг сонгож дуулна.

1. Дуртмал сайхан (Цараа: 2 октав, цэвэр кварт)

2. Асар өндөр (Цараа: 2 октав, цэвэр кварт)

3. Түмэн эх (халх) (Цараа: 2 октав, бага терц)

4. Цэвцгэр хурдан шарга (Цараа: 2 октав, бага терц)

5. Их замба тив ( 4 талт), (Цараа: 2 октав, бага терц)

6.Хоёр бор (Цараа: 2 октав, бага терц)

7.Урьхан хонгор салхи (Цараа: 2 октав, бага терц)

8. М.Дугаржав “Жавхлант сүрэг” (Цараа: 2 октав, бага терц)

9.Тунгалаг тамир (Цараа: 2 октав)

10.Шувууны дуу (Цараа 2 октав)

Нэр заагдсан дуунуудаас 1 уртын дууг сонгож дуулна. 

1. Булган хангай

2. Найман арслант

3. Эрдэнийн галбирваас мод

4. Гайхамшигт дээд

5. Эртний цагаан буян

6. Очир дарь 

7. Хүзүү нь алаг шаазгай

8. Өндөр хангайн буга

9. Ялгуусан эрхт

 “Б” зэрэглэл:

I шат: Алдарт гавьяат дуучин Ж.Дорждагвын урын сангаас нэг дуу, өөрийн сонголтоор мартагдсан дуу, эсвэл өөрийн орон нутагт дуулагддаг нийтэд түгээгүй дуу нэгийг   дуулна.  

II шат: Өөрийн сонголтоор 1 дуу, мартагдсан дуу эсвэл өөрийн орон нутагт дуулагддаг нийтэд түгээгүй дуу нэгийг дуулна.  

Жич: 1-р шатанд дуулсан дуугаа дахин дуулахгүй.

“В” зэрэглэл: 

I шат: Өөрсдийн сонголтоор  нэг дууг дуулна.

 II шат:  Өөрсдийн сонголтоор  нэг дууг дуулна. 

Жич: 1-р шатанд дуулсан дуугаа давтаж дуулахгүй ба хүүхдийн хоолойд тохироогүй цараа өргөнтэй  дуу дуулуулахыг хориглоно.

Таны сурталчилгаа