Чинхуа их сургуулийн дүрслэх урлаг, дизайны академийн докторант, зураач П.Содгэрэл есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны хооронд Бээжин хот дахь Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэнгийн Уран зургийн салбарын үзэсгэлэнгийн танхимд 50 гаруй бүтээл бүхий “Орчихуй” үзэсгэлэнгээ толилууллаа.
Евразийн цээжнээ бэлчээрийн мал аж ахуй эрхлэн аж төрж асан эртний нүүдэлчдийн сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзлийн охь, өнөөгийн монголчуудын 3500 орчим жилийн тэртээх түүхийн улбаа болсон буган чулуунд уялдуулан энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээ урлажээ.
П.Содгэрэл нь Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэнгийн Уран зургийн салбарт 2020 оноос урлаг, уламжлалт хээ угалз судлал, тэр дундаа хээ угалз, урлагийн өнцгөөс буган чулууг хөөн судалж байгаа, удахгүй докторын зэргээ хамгаалахаар бэлдэж буй залуу судлаач, уран бүтээлч юм. Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэн нь онол, практик хослуулан урлаг судлаач мэргэжилтэн бэлдэн сургадаг бөгөөд эл уламжлалын дагуу П.Содгэрэл судалгааны ажлаа хийхийн сацуу эрдмийн ажлаа толилуулж буй нь энэ.
Лю Жюдө уг үзэсгэлэнгийн талаар “П.Содгэрэлийн бүтээлүүд шим ертөнц, бурхдыг шүтэхүйн тухай бөгөөд 3500 гаруй жилийн тэртээх өвөг дээдсийн амьдралд үнэ цэнтэй байсан шүтлэгийн ертөнцийг бишрэн буулгасан нь эдгээр бүтээлд биеллээ олсон. Түүний судалгааны сэдэв уран бүтээлтэйгээ гүн уялдаатай. Оюун санаа, бүтээлч сэтгэлгээний хандлага нь хамгаалах судалгааны ажилтай нь сүлэлдэж, илүү сүнслэг болсон” хэмээн ярилаа.
Уг үзэсгэлэн нь П.Содгэрэлийн Бээжин хотноо гаргаж буй хоёр дахь бие даасан үзэсгэлэн аж. Тэрээр ирэх жил Монголдоо үзэсгэлэнгээ толилуулахаар төлөвлөж байна.