Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу Зулын 25- ны өдөр тохиох гэж байна. Өвлийн эхэн сарын хуучдын 25-ны өдөр буюу 11 сарын 25- ны Даваа гаригт тохионо.
Энэ дүйчэн өдрийг тохиолдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулах үйл ажиллагааг тус хийдийн эвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл танилцуулав.
Бурханы шашины онцлог нь юу вэ гэхээр маш олон номыг үзэж суралцаж, тэдгээр номоо бодож бясалгаж анхааран авлага хийдэг ийм онцлогтой. Мэдлэг дээр суурилсан шашин гэсэн үг юм.
Амар амгаланд, гэгээрэлд хүрэх бүхий л арга замыг заасан бурхан багшийн сургаал номлолыг их хөлгөн, бага хөлгөн, судрын ёс, тарнийн ёс гэж олон янзаар ангилдаг. Эдгээр сургаал номлолыг бүрэн гүйцэд судалдаг, судлахдаа эртний Энэтхэгийн Наландагийн уламжлал дагуу судалдаг энэ арга зүй бол Богд Зонховын үндэслэсэн гэлүгва урсгал.
Монголчууд нийтээрээ “шарын шашин” хэмээдэг. Коммунизмын үед шарын шашныг “бурангуй шашин” гэх мэтчилэн элдэв янзаар доромжилсон үзэл суртал их хийсэн байдаг.
Үүний улмаас шарын шашин гэж их буруу хэвшмэл ойлголт их бий. Яг үнэндээ Богд Зонховын үндэслэсэн энэ шарын шашин бол бурханы шашны олон уламжлалуудаас хамгийн сонгодог нь юм байгаа юм. Мөн барууны зарим судлаачид дутуу судалсны үндсэн дээр “Ламайзм” гэх мэт буруу ойлголтууд ч их явдаг.
Монголчууд эрт дээр үеэс бурханы шашинг шүтэж ирсэн. Хожмоо Богд Зонховын Гэлүгва уламжлал дэлгэрснээр урт удаан хугацаанд үндэстнээрээ шүтэж дээдэлж ирсэн түүхтэй. Ийм сайхан уламжлал, түүхтэй холбоотой дүйчэн өдөр тэмдэглэх гэж байгааг юуны өмнө тайлбарлах нь зүйтэй юм.
Энэ жилийн зулын 25 өдрийг тохиолдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдэд Богд Зонховын олон сургаал номлолийн охь шим болсон “Эрдэм бүхний суурь” хэмээх номыг МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн дэд хамба гавж С.Гантөмөр өмнөх өдөр буюу 11 сарын 24- нд айлдана.
Уг номын айлдварт сууснаар Богд Зонхова яг ямар сургаал айлдсан юм бэ, бид амар амгаланд хүрэхийн тулд яг яах ёстой юм, сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахын тулд ямар арга замыг дагаж мөрдөх ёстой юм бэ, юуг эрхэмлэх, юуг тэвчих шаардлагатай энэ бүгдийг мэдэж авна.
Өөрөөр хэлбэл бурханы шашны зам мөрийг бүхэлд нь тайлбарладаг их чухал ном айлдах гэж байна.
Буддын шашинт сүсэгтэн олон та бүхнийг урьж байна.