Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Багануурын 50МВт хүчин чадалтай, 200МВт цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээнд 2024 оны есдүгээр сарын 6-нд гарын үсэг зурж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн. Барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм.
“Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс батарейн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж, арванхоёрдугаар сарын 6-нд анх төвийн системд эрчим хүчийг нийлүүлж эхэлсэн. Анх 1, 2 дугаар блокоос 25-30МВт чадал нийлүүлж эхэлсэн. Үүний дараа 3, 4 дүгээр блок ашиглалтад орсноор нийт 40-50 МВт чадлыг төвийн системд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар батарей хуримтлуурын станц бүрэн чадлаар хоёр удаа төвийн системд эрчим хүчийг нийлүүлсэн бол 12 өдрийн хугацаанд нийт 1800МВт эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна. Батарей хуримтлуурын станц бүрэн хүчин чадлаараа ажилласан үед нийт 25 мянга орчим айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой” гэдгийг хэллээ.
Ж.Чен: Батарей хуримтлуурын станц шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчийг хуримтлуулдаг
Харин “Энвижн энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чен “Багануурын батарей хуримтлуурын станц дээр манай компаниас 27 ширхэг багц батарейг нийлүүлсэн. Нэг багц батарей нь дотроо 2 хэсэг болж хуваагддаг. Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний хэрэглээ бага шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчний хэрэглээ өндөр оройн цагт цахилгаан эрчим хүчийг нийлүүлдэг онцлогтой. Ингэснээр тус станц нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, цэвэр ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй юм. Цаашид бид энэ үйл явцын дагуу ажилладаг илүү чадлын батарей хуримтлуурын станц болон салхин цахилгаан станцыг дахин нийлүүлэх зорилготой байгаа” гэв.
“Улаанбаатар энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүх “Батарей хуримтлуурын станцын туршилт, тохируулгын ажлууд хийгдэж дууссан. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ хугацаанд тоног төхөөрөмжүүдэд огт гэмтэл, саад учраагүй. Төсөлд монгол инженерүүд гар бие оролцож, цаашид бие даан удирдах явах бэлтгэл бүрэн хангагдсан” хэмээсэн юм.