Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны хамтарсан санхүүжилттэй ба Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ)-н хэрэгжүүлж буй  Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт - II” (ТСТМБС - II) төслийн багаас МҮХАҮТ-ын шинээр томилогдсон Ерөнхийлөгч Л.Төр-Од болон зөвлөхүүдэд нь төслийнхөө үйл ажиллагааг танилцуулж, санал сонилцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одын зүгээс энэхүү төсөлд ач холбогдол өгч, аж ахуй нэгжүүдээ аль болох олноор хамруулж, илүү үр дүнтэй болгох тал дээр далайцтай байдлаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд “Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог бий болгоход хамтран ажиллах” санамж бичигт өнгөрсөн гуравдугаар сард Боловсролын яам болон МҮХАҮТ-ын зүгээс гарын үсэг зурж, үзэглэсэн билээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоо манай улсад хэрэгжсэнээр ажил олгогчид, МБС-ын байгууллага хамтран сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөн, хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тохирсон, ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх юм.

Төсөл нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Боловсролын шинэчлэлийн хүрээнд ажил олгогч нарын түншлэлийн оролцоог мэргэжлийн боловсрол, сургалтад нэмэгдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн боловсролын хосмог тогтолцоог бий болгох зорилготой юм.

Монгол Улсад энэхүү мэргэжлийн боловсрол, сургалтын /МБС/ хосмог тогтолцоог бий болгоход Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт - 2” төсөл дэмжин хамтран ажиллах бөгөөд GIZ- ийн Эрчим хүчний төслийн хүрээнд энэ жилээс эхлэн туршилтаар Эрчим хүчний салбарт дутагдаж байгаа Өндөр хүчдэлийн техник ажилчдыг Хосмог сургалтаар бэлтгэж эхэлсэн юм.

Тодруулбал, “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг энэ оны 10-р сараас Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллеж, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Нийт 38 суралцагчид (10 эмэгтэй, 28 эрэгтэй) дээрх хоёр сургуульд хосмог сургалтад элсэн суралцаж байна. Тэд нийт гурван жилийн хугацаанд суралцах ба ААН дээр явагдах сургалтын цаг нь жил ирэх тусам нэмэгдэж, дадлага сургалтыг түлхүү олгоно. 

Таны сурталчилгаа