Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон "Борхойн тал" яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Анандын Байгалмаа түрүүллээ. Наадмын түрүү шүлгийг хүргэж байна.

ҮНЭТ ХЯЗГААР БОРХОЙН ТАЛ

Чингисийн цэргүүд нүдээ цавчилгүй манадаг

Чимээ холын анирт сонор соргог хонодог

Талын чоно ульж хаацайлдаг

Тас бүргэд элэн халин хараачилдаг

Миний Монголын өмнөд хязгаар

Мэнд таних үнэт хязгаар Борхойн тал

Үүр хаяарахын  гэгээ сөхдөг үүдэт хилийн торгон зааг

Үүл хаяарахын заяа тэтгэдэг өв тээсэн эртний нутаг

Халхын буяныг тэтгэсэн хаан бодлого хазайхгүй

Харуулын цэргийг төрүүлсэн хатан ухаан дундрахгүй

Бөртийж үддэг ээжтэй аавын  хөвүүдээр мануулсан

Бөхийж ордог үүдтэй миний монголын алтан босго 

Бодлын талдаа цуглуулсан сэтгэл бүхэн нь хил болдог юм

Борхойн талдаа цугларсан Монгол бүхэн хилчин болдог юм

ЗАМЫН-ҮҮД

Хилийн торгон заагийг Замын-Үүдээс тольдлоо

Хэрэг болгож тийшээ бүүр лавтай ширтлээ

Ширхэг ширхгээр өвс нь наашаа бөхийж үзэгдэнэ

Шил толь шиг байшин цаана нь сүндэрлэж  харагдана

Нутгийн торгон хилийг Замын-Үүдээс харлаа

Нуригсан элсний ширхэг доошоо яргаж чимээллээ

Жингийн цуваа хөвөрсөн эртний тэр өдрүүдэд

Жинчдийн бодол шадарласан эртний тэр өдрүүдэд

Атан тэмээний нүдэнд монгол багтаж зурагдаад

Аньсаганд дүүрсэн нулимсанд аяархан мэлмэрч уяраад

Заам энгэрт эрхлэн дагаж гарсан салхин

Задгай талын энгээс хилээ хамж эргэсэн 

Хилийн торгон заагийг Замын-Үүдээс тольдлоо

Хэрэг болгож тийшээ бүүр лавтай ширтлээ

Хүнд даацын машины хөлд хуваагдсан чулуу

Хүний нутгаас зугтаж нааш шидэгдэж үзэгдэнэ

Өвгөд минь амиараа тамгалж үлдээсэн юм энэ хилийг

Өчнөөн жил бид итгэлээрээ тамгалж хамгаалах юм энэ хилийг

Замын хүмүүс холхиж өнжлөө ч заяа жудаг нь Монгол юм

Захгүй олон цугларч замгүй ихэссэн ч Замын-үүд минь Монгол юм

Таны сурталчилгаа