Статистикийн үндэсний хорооноос саяхан Монгол Улсад Могойхүү нэртэй нэг иргэн байна хэмээн мэдээлсэн билээ. А.Могойхүүтэй нэрийнх нь утга учрын талаар ярилцлаа.
-Эхлээд хоёулаа танилцъя. Хаана төрж өссөн бэ?
-Намайг Алтанцоожийн Могойхүү гэдэг. Би Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 3-4 нас хүртлээ нутагтаа байж байгаад хотод шилжин суурьшсан. Аав минь тэгж ярьдаг. Багийнхаа зүйлүүдийг сайн санадаггүй юм. Одоо Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг.
-Ямар мэргэжилтэй вэ?
-Ажил мэргэжлийн тухайд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа ХҮТ-11 буюу Хэрэглэгчдэд үйлчлэх төвд дуудлагын слесарь буюу дуудлагын сантехникчээр ажилладаг.
-Саяхан Статистикийн үндэсний хорооноос таны нэрийг Монголд ганцхан байдаг тухай мэдээлэл гарсан шүү дээ. Та харсан уу?
-Тийм. Намайг жаахан байхад л өвөө ярьдаг байсан юм. Би чинь ер нь өвөөгийн хүүхэд л дээ. Жаахан байхад л Могойтхар гэж нэг хүн байдаг тухай ярьж байсан. 2002 билүү 2004 оноос байхгүй болчихсон. Тэгээд л монголдоо ганцхан нэртэй гэдэг байсан.
-Таны нэрийг хараад хүмүүс таамаг дэвшүүлж эхэлсэн л дээ. Могой жилтэй юм болов уу гэх мэт?
-Үгүй ээ. Би чинь хулгана жилтэй шүү дээ.
-Нэрнийхээ утга учрыг асууж байв уу. Таны нэрийг хэн өгсөн юм бэ?
-Асуух нь асууж байсан. Манай хөгшин өвөө миний нэрийг өгсөн. Би гурван өвөө, гурван эмээтэй. Хөгшин өвөө маань лам хүн байсан. Тухайн үед могойн зулзага байтугай могойны сүүдэр ч харагддаггүй газар төрсөн юм билээ. Төрснөөс хойш зургаан сарын дараа могойн зулзага харагддаг болсон юм гэсэн. Миний нэрийг өгөх өдөр могойн зулзага харагдаж, гэрт орж ирээд гарсан гэдэг. Одоо бас миний төрсөн газарт могой харагддаггүй гэсэн.
-Могойхүү гээд нэрээ танилцуулахаар хүмүүс гайхдаг уу?
-Ер нь гайхна. Чи ямар сонин нэртэй юм бэ гэнэ. Зарим нь чи содон нэртэй юм гэнэ. Зарим нь англиар Snakeboy юм байна гэж доог тохуу хийнэ. Тэгээд ер нь хүн нэрээсээ хүн ичих шаардлагагүй л дээ.
-Ойр тойрныхон найз нөхөд нь юу гэж дуудах уу?
-Anaconda л гэдэг. Дийлэнх найзууд маань Anaconda сайн уу? л гэдэг шүү дээ. Цэрэгт байхад манай ах нар манай Kobra ирж байна гэх мэтээр дуудна. Ер нь л тиймэрхүү могойтой холбоотой л дууддаг.
-Зарим хүмүүст нэрээ хэлэхээр арай өөрөөр хүлээж авах зүйлүүд гардаг уу?
-Түүнийг сайн анзаарч байгаагүй юм байна. Зарим нь нэр сонсоод жаахан цочирдоно. Чи худлаа яриад тоглоод байгаа юм уу гэнэ. Хочоо хэлээд байна ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ханддаг. Бидэнд ажлын үнэмлэх гэж байдаг. Хүн итгэхгүй бол заримдаа түүнийгээ харуулна. Би бас бүжиглэдэг. Энд тэндхийн соёл урлагийн арга хэмжээнд ороход заавал иргэний үнэмлэхээ авч явж харуулдаг.
-Жаахан байхад нь хүүхдүүд сахилгагүйтэж нэрээр шоолж байв уу?
-Тийм зүйл гайгүй. Харин лусын амьтны нэр хүнд гээд 3-4 жил лус амьтны нэрийг тайвруулна гээд Амгалан гэж дууддаг байсан. Одоо ч гэсэн Амка л гэдэг. Ер нь хоёр нэртэй дээ.
-Тун удахгүй могой жил гарах гэж байна. Манай уншигчдад сар шинийн мэндчилгээ дэвшүүлээч?
-Намайг зориод ирсэн танай хамт олонд юуны өмнө баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Ингээд өөрөөрөө бахархаад суух боломж олгож, төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Хайртай шүү. Удахгүй гарах Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилдээ монголын минь ард түмэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан шинэлээрэй.
С.ОТГОНБАЯР