Цаг үеийн мэдээ

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан Швейцар улсын Женев хотноо 2025 оны хоёрдугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

Энэхүү барилдааныг Монгол улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин Сайдын Яам болон МҮБХ-ны Европ дахь Салбар Холбоо хамтран зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсаас Швейцарын Холбооны улс дахь Элчин Сайдын Яамыг төлөөлж БТГ/ЭСЯ-ны орлогч П.Баасанхүү, МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл нар  мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

Энэ удаагийн сар шинийн барилдаантай хамт БАГИЙН, АХМАД, ӨСВӨРИЙН  бөхийн дөрвөн төрлөөр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. 

Сар шинийн барилдаанд Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Унгар Улс, Испанийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас аймаг, сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүд зодоглоход Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, залуу бөх Төрмөнхийн Өгий түрүүлж 500 еврогийн мөнгөн шагнал, алтан медаль, өргөмжлөл гардан авсан бол үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, сумын заан Цэндбатын Бат-Эрдэнэ үзүүрлэж 300 еврогийн мөнгөн шагнал, өргөмжлөл мөнгөн медаль хүртжээ. 

Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу бөх Төгсбаатарын Баасанбат, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, залуу бөх Болдбаатарын Чанрав нар шалгарч, тус бүр 200 еврогийн мөнгөн шагнал, өргөмжлөл хүрэл медалийн эзэд болов. Мөн их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсаас Шведийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын гарын бэлгийг гардуулжээ.

Дунд шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул, сумын заан Дүгэржавын Жамсрандорж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, сумын заан Гансүхийн Баасанжаргал нар шалгарч, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг гардсан байна. 

ТУСГАЙ ШАГНАЛ: Уран гараа, дэвээтэй бөхийн тусгай шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан, 65 настай ахмад бөх Ванчигийн Төмөрбаатар хүртлээ. 

Мөн уран барилдааны шагналыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу бөх Төгсбаатарын Баасанбат тодруулсан. Тэрээр шинэ үеийн залуу бөхчүүдийн төлөөлөл болж, тус барилдаанд гурван цолтой бөхийг өвдөг шороодуулсан байна. 

Өсөх ирээдүйтэй бөхөөр Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний, өсвөрийн бөхийн 2024 оны аварга, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Мөнх-Эрдэнийн Билгүүдэй тодорчээ. 

АХМАД БӨХИЙН БАРИЛДААН:  Увс аймгийн Давст сумын харьяат, нийслэл Улаанбаатар хотын уугуул сумын заан Дүгэржавын Жамсрандорж түрүүлж 300 еврогийн мөнгөн шагнал, алтан медаль, өргөмжлөл гардан авсан бол Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат з.б Батчулууны Батзориг үзүүрлэж 200 еврогийн мөнгөн шагнал, өргөмжлөл мөнгөн медаль хүртжээ.

Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Дамдины Очбадрал, Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Ванчигийн Төмөрбаатар нар шалгарч, 150 еврогийн мөнгөн шагнал, хүрэл медаль, өргөмжлөлөөс гадна цагаан сарын тавгийн идээгээр байлуулжээ.

ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН: Өсвөрийн бөхийн барилдаанд Увс аймгийн Малчин сумын харьяат, Швейцар улсын уугуул, ө.б Скхробатын Квинтен (Scrkbota Quentin) түрүүлж, 150 еврогийн мөнгөн шагнал, өргөмжлөл, алтан медаль хүртсэн байна. Увс аймгийн Давст сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул, ө.б Жамсрандоржийн Цогтбаатар үзүүрлэж, 200 еврогийн мөнгөн шагнал, өргөмжлөл, мөнгөн медаль хүртжээ.  

Өсвөрийн бөхийн барилдааны шөвгийн дөрөвт ХБНГУ-аас зодоглосон Германы “Хүчтэн” дэвжээний бөх, Мөнх-Эрдэнийн Билгүүдэй болон Франц улсаас оролцож байгаа Завхан аймгийн, Ургамал сумын харьяат ө.б Эрдэнэцогтын Ананд нар шалгарч тус бүр 150 еврогийн мөнгөн шагнал, өргөмжлөл хүрэл медалийн эзэд болжээ. 

БАГИЙН БАРИЛДААН: Багийн халз барилдаанд Швейцар, Франц, Испани, Чех, Унгар улсын багууд тойргоор барилдаж, БНЧУ-аас оролцсон "Чех"-ийн баг тэргүүн байрыг эзлэв. Багийн бүрэлдэхүүнд Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, з.б Төрмөнхийн Өгий, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, з.б Энхтайвангийн Цэдэндамбаа, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, з.б Болдбаатарын Чанрав нар багтсан байна. Тус багийн гишүүд 1,200 еврогийн мөнгөн шагнал, алтан медаль, өргөмжлөл, дэмжигч байгууллагын гарын бэлгийг гардан авсан байна.

Гэрэл зургийг: Сэтгүүлч, зураглаач Доржзовдын Энхтөр

Таны сурталчилгаа