Жүжигчин О.Гэрэлсүх төрийн дээд одон медалиар шагнуулж, Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо. Түүний сэтгэгдлийг хүргэе.
-Монгол Улсынхаа төр засаг, түмэн олонд үнэлэгдэж, тоологдон бүртгэгдэж, МУГЖ цол авсан даа туйлын их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждаа, миний ард өмөг түшиг болж байдаг хань ижил, үр хүүхэд, ах дүү садны маань төрсөн нутаг, Булган аймгийн нутгийн зон олон болон нийт монголынхоо олон түмэн үзэгчиддээ хязгааргүй их баярлаж байна. Надтай бүх цаг үед хамт ажиллаж байсан бүх уран бүтээлч, УДЭТ-ын хамт олондоо талархаж байна.
1987 онд 14 настай байх даа Дамдин найруулагчийн "Амьдралын нахиа" кинонд тоглож, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. 40 шахам жил болж байна. Театрын гараа 1997 онд Найдандорж найруулагчийн В.Шекспирийн "Ромео Жульета" жүжгийн Ромеод тоглож эхэлж байв. Хүүхэд байхаасаа Монголын хүүхдийн ордонд Даваахүү багшийн удирдлага дор суралцаж эхэлсэн. Ийм том цолыг хүртэнэ гэж төсөөлөөгүй явсан. Урдах ажлаа л бодож, хүнд хэрэгтэй дүрийг, бодлыг, ариусал ухаарлыг хүргэнэ гэж хичээж явдаг. Цаашдаа энэ салбарт олон зүйл хийж бүтээгээрэй гэж энэ шагналыг өгсөн байх.
Ээж минь гадаа хүлээж байгаа. Өглөө би аавынхаа зурганд мөргөсөн. Аавдаа их талархаж байна. Миний аав бол Баян-Өлгий аймаг Цэнгэл сум, Алтай таванбогдын Тува-Урианхай хүн байдаг.