Сар шинийн баяртай холбогдуулан цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа: Сар шинийн баярын өдрүүдэд 100 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Орон нутагт 40 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Үндсэн үүрэг бүхий цагдаагийн алба хаагчдаас гадна 5416 алба хаагч нэмэлтээр иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахаар ажиллана.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Нийслэл хотын хувьд 324 цэгт 1230 алба хаагч ажиллана. Орон нутагт 290 цэгт 580 алба хаагч ажиллана. Нийтдээ 614 цэгт 1810 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Өнөөдрийн 20:00 цагт тэгш, сондгой улсын дугаарын хязгаарлалт дуусна. Маргааш тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын орон тооны зохицуулалт буюу гарагийн зохицуулалтаар 0, 5 дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй. Баярын амралтын өдрүүдэд ямар ч төрлийн хязгаарлалт байхгүйгээр тээврийн хэрэгслүүд зорчино. Баярын амралтын өдрүүд урт болсон. Тэгэхээр жолоочид хөдөө орон нутгийг зорихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Мөн хамгаалах бүсийг заавал хэрэглээрэй. Бага насны хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж зорчоорой. Тухайн замаар анх удаа зорчиж байгаа бол зам орны мэдээллийг судлаарай, цаг агаарын мэдээллийг тогтмол авах нь зүйтэйг анхааруулж байна.
ЦЕГ-УСА-ны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр: Сүүлийн хоногуудад хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн сар шинийн тав хоногт хулгайн 36 гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Иймд иргэд хөдөө орон нутаг руу зорчих бол ойр тойрны хүндээ захих, орон сууцны ил цоожноос татгалзах нь хулгайн гэмт хэргээс сэргийлэх ач холбогдолтой. Цахим орчинд баталгаагүй хуурамч архийг худалдан борлуулах зүйлүүд их явагдаж байна. тодорхой тооны зөрчлийг илрүүлэн шалгаж байна. 56 зөрчлийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бол 13 зөрчлийг шалгаж дууссан.