Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж байгаа сум, аймгийн салбар холбоод, дэвжээдээс тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааг дүгнэж, сар шинийн босгон дээр тухайн жилийн шилдэг салбар холбоо, дэвжээг шалгаруулдаг уламжлалтай.
АЙМГИЙН ШИЛДЭГ ХОЛБОО:
Аймгийн төв болон сумдад албан ёсны уламжлалт болон тойргийн 22 барилдаан зохион байгуулж, жил бүрийн барилдааны хуваарь, ажлын төлөвлөгөөг батлан мөрдүүлж ажилладаг Дархан-Уул аймгийн бөхийн холбоо "Луу жилийн аймгийн шилдэг холбоо"-гоор шалгарлаа. Шагналыг МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, аймгийн харцага Төмөрбаатарт гардуулав.
СУМЫН ШИЛДЭГ ХОЛБОО:
Сумандаа 12 барилдаан зохион байгуулж, сум аймгийнхаа бөхчүүдийг тогтмол бэлтгэл сургуулилалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын "Бумбат" үндэсний бөхийн холбоо шалгарлаа. Шагналыг "Бумбат" үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Наранцогтод гардууллаа.
ШИЛДЭГ ДЭВЖЭЭ:
Үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлэх, үндэсний бөхийн дэг жаяг, өв уламжлалыг хадгалан хамгаалах, бөхийн залгамж үеийг тодруулан бэлтгэх, үндэсний бөхийг цаашид олон зууны туршид хөгжин дэлгэрэх үндэс суурийг бэхжүүлэн батжуулахад оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлж "Идэрийн цуурай" бөхийн дэвжээ "Луу жилийн шилдэг дэвжээ"-гээр тодорлоо.
ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО:
Европ дахь Монголчуудын дунд Үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг хадгалан хамгаалах, сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг өндөр түвшинд зохион байгуулж, үндэсний бөхийг цаашид олон зууны туршид хөгжин дэлгэрэх үндэс суурийг бэхжүүлэн батжуулахад оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлж Европ дахь Үндэсний бөхийн салбар холбоо "Луу жилийн шилдэг салбар холбоо"-гоор тодорлоо.