Цаг үеийн мэдээ

ОРШИЛ
 
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум бол Хотгойдын шадар ван Б.Чингүнжавын уугуул нутаг юм.
Хуучинаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу (Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу)-ны зүүн хэсэг, мөн аймгийн Далай гүний хошуу (Хантайшир уулын аймгийн Бүрэнтогтох уулын хошуу)-ны зарим хэсгийн нутгийг хамарч байж. Тус сум Дэлгэрмөрөний хөвөөнд оршино. Сангийн далайн Онгон хайрхан, Бүрэнхааны Их хайрхан уул, Бүрэнтогтохын Их уул (Өндөр хун цэн), Сантын овоо, Эрчимийн цагаан толгойн овоо зэрэг тахилгат уулстай. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Энэ сумаас улсын өсөх идэр, улам нэмэх начин "Хөөнгөө" хэмээх Ч.Жүгдэрнамжил (1920-1984 он), аймгийн арслан Ж.Дугаржанцан, Ж.Пүрэвдорж, Г.Магсаржав, Б.Лхагвасүрэн, Б.Хаш-Эрдэнэ, Э.Баасанжав, аймгийн заан Ч.Энхзаяа, аймгийн харцага А.Мягмаржав, аймгийн начин Г.Балжинням, Б.Гэрэл-Цогт нарын улс, аймаг, сумын цолтой олон арван бөхчүүд төрж гарчээ.
 
САЙН ХҮНИЙ ҮРСҮҮД ХЭМЭЭХ ЭХЛЭЛ ХЭСЭГ
Бүрэнтогтохын Бүрэнхаан багийн "Хонины" гэгдсэн Баян-Очирын Товуу гэж нутаг орондоо нэр хүндтэй сайхан хүмүн Гончигийн Сайнжаргал гэх бүсгүйтэй ханилан сууж найман хүүхэд төрүүлсний хоёр дахь нь Нина. Хань нь Л.Чойдорж. Тохьтой, томоотой, ёстой л хангайн нуруу шиг сайхан том биетэй, бяртай хүн байжээ. Эднийх Энхтайван, Энхбаяр, Энх-Амаглан, Энхтуяа, Энхболд, Энхтөр, Мэндсайхан, Энхцогт, Энхзаяа, Энхсайхан, Энхтүвшин гэсэн 11-н хүүхэдтэй. Ес нь эрэгтэй. Хөвгүүд болсон хойно байнга шахуу ноцолдоно. Дээл хувцасаа урна. Ээждээ загнуулна. Эдгээрийн гурав нь бөх. Аймгийн заан Ч.Энхзаяа, сумын заан Ч.Энхтүвшин, сумын начин Ч.Энхсайхан. Мөн нэг хүү Ч.Энхцогт нь бөхийн тайлбарлагч, зүтгэлтэн. Тэрбээр 2018 онд аймгийн тайлбарлагч болсон. Ч.Энх-Амгалан ах нь сумын наадамд хоёр ч удаа дөрөв давсан удаатай. Бөх нутаг ус, нагац талаа дагаж удамшдаг гэдэг. Эмэг ээжийнх нь аав "Цадгар" Гончиг гэгч даншигт давгүй барилдчихдаг эр байсан гэнэм. Ийм болохоор ээжийн талаасаа бөхийн удамтай. Ч.Энхцогт тайлбарлагчийн ах Ч.Энхтөрийн хөвгүүн нь аймгийн арслан Баасанжав. Энэ цаг үед хоймор нутгаас сайн барилдаж байгаа арслан. Дүү нь сумын начин Э.Баасанням. Ингээд ийм бөх дүү нартай бөхийн зүтгэлтэн, тайлбарлагчийн талаар өгүүлье.
 
"БӨХИЙН ТӨЛӨӨ" ХЭМЭЭГДЭХ ДЭД ХЭСЭГ
Ч.Энхцогт бас л багаасаа барилдах сонирхолтон байлаа. Нэг л мэдэхэд ах дүү нартайгаа барилдаж ноцолдчихсон байх. Цэрэгт явж ирээд Бүрэнхаан дахь Улсын Асрамжийн Газрын 30-н жилийн ойгоор хоёр давж нэгэн сумын заанд амлуулж ойчсноосоо хойш огт барилдаагүй. Харин бөхийн тайлбар хэмээх өвөрмөц зүйлд яагаад ч юм дурлаж, өөрийн хичээл зүтгэлээрээ арав гаруй жил бөх тайлбарлаж яваа. Анх Бүрэнхаан багийнхаа Их хайрхан уулынхаа тахилга наадмыг тайлбарлажээ. Жилдээ сум орон нутагтаа 10-аад барилдаан тайлбарлачихна. 14, 15 жил тайлбарласан гэхээр багагүй тоо гарна. Дан ганц бөх тайлбарлаад байхгүй 2006 оноос сумынхаа Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүнээр томилогдон ажиллаж байна. Нутгийн бөхчүүд болон сумын удирдлагууд санал тавьж, сонгож ажилуулжээ. Тэр цагаас бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж бөхөө тайлбарлахын сацуу янз бүрийн хэлбэрийн барилдааныг тасралтгүй зохион байгуулж иржээ. Одоо бол Бүрэнтогтохын Соёлын төвийн дэргэд Биеийн тамирын арга зүйчтэй болсон ба ирээдүйгээ бэлтгэхэд ихэд анхаарч буй ажээ.
 
"БУЛГАН СҮҮЛТЭЙ ЗААН" ГЭЖ ХҮНДЛЭХ УЧИР
Бөх тайлбарлагч, сумын Бөхийн Холбооны Тэргүүн Ч.Энхцогтын төрсөн дүү аймгийн заан Ч.Энхзаяа багынхаа шөрмөслөг, барилдах дуртай, ах нартайгаа ана мана үздэг хүүхэд байв. Анхлан 2002 онд " Шонхор-Олимп" БТДС-д элсэн суралцаж бөхийн гараагаа эхэлжээ. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа сумынхаа наадамд түрүүлж, улмаар аймгийн начин болж начнаа баталж. Аймгийн заан цолоо Дорнод аймгийн баяр наадамд үзүүрлэж авчээ. Бүрэнтогтохын бөх 1990-ээд оноос 2000 оны үе хүртэл тасарчээ. Гадны бөхөд наадмаа алдах жишээний. Энэхүү уналтын үеийг төгсгөл болгож аймгийн заан Ч.Энхзаяа гарч ирсэн учир нутгийн олон түмэн "Булган сүүлтэй заан" гэж хүндэлдэг байна. Ийнхүү зааныг залгаж аймгийн арслан хоёр, аймгийн харцага нэг, аймгийн начин гурав төрж улс, аймгийнхаа дэвжээнд дээгүүр барилдаж байна. Өөрөөр хэлбэл Бүрэнтогтохын бөхийн шинэ үеийн түүх эхэлсэн нь энэ болой.
 
УЛСЫН ЦОЛТОН ДУНШИХУЙ
Аймгийн тайлбарлагч Ч.Энхцогт, аймгийн заан Ч.Энхзаяа, сумын заан Ч.Энхтүвшин, сумын начин Ч.Энхсайхан нарын ах Ч.Энхтөр гэж бий. Аавтайгаа аягүй адилхан гэнэлээ. Маш хөдөлмөрч малчин хүн. Хүү нь Бужига гэгддэг аймгийн арслан Баасанжав. Шуундаа бяртай. Шуудагнаас сайн барилддаг, бяртай залуу. МБӨ-нд зохиогдсон аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд аймгийн нэмэх начин цолтойдоо түрүүлж байсан. Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд 2017 онд үзүүрлэж, хойтон жил нь түрүү бөхөөр тодорсон. Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд мөн түрүүлж үзсэн арслан. Дүүгээ бөхийн замд хөтлөн оруулсан нь авга ах аймгийн заан Ч.Энхзаяа. Дээр дурьдсан Бүрэнтогтохын улсын начин Ч.Жүгдэрнамжилын дараагийн цолтон болох магадлал тун өндөр. Тэр цаг ойрхон буй за.
 
УРАН БҮТЭЭЛ ТУУРВАХУЙ
Аливаа хүн сайн зүйлийн төлөө сэтгэл зүтгэл гарган хөдөлмөрлөж чадвал түүнийхээ үр шимийг заавал хүртдэг жамтай. Тийм хүний нэг бол яах аргагүй аймгийн тайлбарлагч, бөхийн зүтгэлтэн Чойдоржийн Энхцогт. Энэ эрхэм гурван хүүхэдтэй. Эхнэр нь Б.Ганчимэг. Сумынхаа ЕБС-д ажилладаг. Бага хүү нь ҮБТДС-ийн лицейд сурдаг. Бөхөд сонирхолтой. Аав нь чөлөөт цагаараа шүлэг зохиол оролдоно. Сангийн далай нуурынхаа хөвөөнд өссөн болохоороо СТА дуучин, ая зохиогч А.Анхбаяртай хамтарч "Сангийн далай ээж" дуу бүтээж олны хүртээл болгоод амжсан. Одоо " Хойморь нутгийн хийморийн даллага" шүлгээ дуу болгох бодолтой. Нэгэн гүн ухаантан "Илдийг хугалж болно, бодлыг хугалж үл болно" гэсэн байдаг. Хийж бүтээх нь бодлоос эхлэлтэй. Үйл хөдлөлийн залуур нь сэтгэл болой. Монгол бөхийнхөө болоод үндэснийхээ өв соёлын төлөөнөө зүтгэгчийн дотор олон эерэг бодол эргэлдэж буй нь эргэлзээгүй. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Д.Ууганбаатар