Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг дөнгөж сая танилцууллаа. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:

“Шинэ төрлийн коронавирусийн аюулаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор XVII жарны Хотол төгс хэмээн Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.

2020 оны хоёрдугаар сарын 13-наас/маргаашаас/ Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. Засгийн газраас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж байгаа. Хориглоно гэдэг үгийг огт оруулаагүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэхийг огт хориглоогүй. Зөвхөн хөдөлгөөнийг хориглож байгаа, гэр дотроо золгоод ухаантайгаар сар шинийн баярыг тэмдэглэнэ" гэлээ. 

Мөн цаашид шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалт ямар байгаагаас цаашид авч хэрэгжүүлэх ажлууд шийдэгдэнэ гэдгийг ч энэ үеэр онцоллоо.