Цаг үеийн мэдээ

Өргөн шанаа, гүн цэнхэр нүд. Дэлгэцийн урлагийн нэгэн тод дүр Киллиан Мурфи. Атомын бөмбөгийг бүтээсэн суут эрдэмтэн Ж.Роберт Оппенхаймерийн дүрийг бүтээж 96 дахь удаагийн Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг шүүрлээ. Ийн тэрээр домогт жүжигчидтэй ижил араанганд бичигдэж эхлэв.

Киллиан Корк хотод төрсөн ирланд хүн. Мурфи /Murphy/ гэдэг нь ирландад хамгийн түгээмэл нэрсийн нэг бөгөөд далайн дайчин хэмээх утгатай гэдэг. Тэрээр төрөлх нутаг Ирланддаа тун энгийн боргил аж төрдөг. Жижигхэн тосгоны эгэл пабд нутгийнхаа залуустай ганц хоёр зуу татаад, хууч хөөрөөд суух нь энүүхэнд. Арга ч үгүй биз 10 жилийн найзуудаас нь өгсүүлээд коллежийнх нь андууд Корк хотод олноороо бий. Анх тэрээр хуульч болохоор Корк хотынхоо их сургуульд суралцаж байв. Хажуугаар нь хөгжмийн хамтлаг байгуулж чамлахааргүй амжилттай уран бүтээлүүд туурвисан. Тэр ч утгаараа Ирландын нэгэн томоохон студитэй гэрээ байгуулах дээрээ тулсан ч эцэст нь татгалзсан хариу авч байжээ. Энэ хариу Киллианы амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байж болох. Мань эр тайзанд дурлаж, тайз хариуд нь заяаны ханийг нь бэлэглэсэн гэдэг.

Киллиан "Зарим бүтэлгүйтэл зөв зам руу хөтөлдөг гэлтэй. Алдаж оносон залуу насандаа би Ивонн Макгиннестэйгээ танилцаж, төд удалгүй түүнийгээ “Диско гахайнууд” жүжигтээ тоглуулсан даа. Гэргий маань Ирландын Килкенни хотод 1972 онд төрсөн зураач хүн л дээ. Каррик, Малачи гэх хоёр хүүхдийн минь эх.

Тэгэхэд бид хоёр жүжгээ Европ, Америк даяар үзүүлэх аялан тоглолтод гарч тодорхой амжилтад хүрсэн тул би коллеж, бас хамтлагаа орхисон юм. “Диско гахайнууд” жүжгээр минь 2001 онд кино бүтээсэн. Үүнийг Дэнни Бойл хараад намайг зомбинуудын тухай “28 хоногийн дараа” кинондоо авч билээ. Тэгж л миний кино урлагийн карьер эхэлсэн түүхтэй" гэж ярьсан юм.

28 хоногийн дараа кинонд тоглосноороо тэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. 

Энэ үеэс л Киллианы гүн цэнхэр нүд түүний имижийг бүрдүүлэв. Үзэгчид тэр нүдээр киног тольдон харах болов. Оппенхаймер кинонд ч тэр. Суут эрдэмтнээс үхлийн зэвсэг бүтээгч болсон эрийн дотоод зөрчил, сэтгэлзүйн өөрчлөлт, шийдэмгий хийгээд харуусалтай төрхийг Киллианы гүн цэнхэр нүд, гайхамшигт авъяас билгээс өөр юу ч эс илэрхийлж чадах билээ.

Тэр бол оньсого шиг хүн. Фэнүүд нь Киллианы тийм гэж хэлэхээргүй нууцлаг увидаст дурладаг. Дэлгэцэн дээр харагдах эрч хүчтэй хэрнээ нууцлаг дүрүүд нь соронз мэт бусдыг татна. Дэлхийг аврах баатар аль эсвэл адын хүсэлдээ идэгдсэн хорон санаатан. Энэ эрийн тоглох эсрэг тэсрэг дүрүүдээс нэгэн адил үнэр үнэртдэг. Ширүүн хэрнээ нууцлаг түүний жүжиглэлт үзэгчдийг байлдан дагуулж, галзууруулдаг. Кино зураг авалтын үед Киллиан дүр дээ бүрэн шингэж тухайн дүрийнхээ амьдралаар амьдарч эхэлдэг. Бүтээсэн дүрүүд нь амьдарч тэр ч байтугай хэн хүнээс илүү үзэгчдийн дотно анд найз, нөхөр болдог.

Бие бялдрын өөрчлөлт, өргөн хүрээний дүрийн судалгаа хийх Киллианы авъяас нь холливуд байтугай дэлхийд ховорхонд тооцогддог гэнэ. Дүрдээ хэт шунаж ордог учраас сэтгэлзүйн асуудалд орох үе Киллианд бишгүй их. Тэр ч утгаараа өөрийн платформоороо сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар дуугарч, бусдад урам зориг өгдөг. Өрөвч нинжин сэтгэл бол түүний дотоод хүн. Тэр утгаараа Киллиан цагаан хоолтон. Амьтдын эрхийн төлөө, сайн сайхных нь төлөө тууштай зүтгэдэг гэдгийнх нь бэлгэдэл бол энэ.

Киллианы тоглосон гайхамшигт бүтээлүүдийг уншигч та бүхэн андахгүй мэдэх биз. Тэдгээр агуу дүрүүдээс миний бодлоор "Ирт саравч бүлгэм"-ийн Томас Шэлбигийн дүр хамгийн гайхалтай нь. Киног уран зураг шиг бүтээж болдогийг, энгийн нэгэн кино дүрийг бодит хүн шиг мэдрүүлж, үзэгчдийн сэтгэлд хоногшуулж болдогийг Киллианы жүжиглэлт баталсан. Түүнийг бусдаас өөр түвшинд аваачсан бас нэг авъяас нь түүний дуу хоолой.

-Гүн гүнзгий мэдрэмж төрүүлэх тэр хоолойны өнгө.

-Дэлхийн бараг бүх хэлээр цэвэр аялгатай ярьж чадах төрмөл чадвар.

-Тэр бүү хэл янз бүрийн өргөлт, акцентуудыг төгс гэмээр гүйцэтгэлтэй хийдэг адтай чадвар.

Хосгүй чадвартай жүжигчний ид үе одоо л ирж байна. Киллиан нэгэнтээ "Надад нэг найруулагч "Жүжигчин болохын тулд гучин жилийн хөдөлмөр шаардлагатай" гэж хэлж билээ. Би хорь гаруй жил кинонд тогложээ. Дахиад арван жилийн дараа л жинхэнэ жүжигчин болно гэж найдаж явна даа" гэж хэлсэн байдаг.

Тэгэхээр Киллианы адал явдал одоо л эхэлж байна. Түүний бүтээх агуу дүрүүдийг даралтны эмээ уугаад, биеэ бэлдээд хүлээх ажил үзэгч бидэнд үлдэж байна...

Б.АМАРТҮВШИН