Цаг үеийн мэдээ

Буутай этгээдүүдийн халдлагын улмаас 60 орчим хүн нас барж 115 хүн гэмтсэн байна.

Shot телеграм сувгийн мэдээлснээр Crocus event hall-н өглөөний бичлэгийг нийтэлжээ. Барилгын дээврээс өтгөн утаа гарсаар байгаа бөгөөд ойр орчмыг хамгаалалтын албаныхан хамгаалалтдаа авсан  хэмээн бичжээ. 

Өмнө нь Москва мужийн захирагч Андрей Воробьев гал түймрийн зарим голомтууд унтраагүй байгаа гэж мэдэгдсэн.

Шөнийн цагаар аврагчид агаарын хэм хэт өндөр байсан танхимд нэвтэрч чадсан байна. Танхимын дээрх дээвэр нуржээ.

Гэрчүүдийн харснаар халдлага үйлдэгчид "бор хувцастай" буюу "хантааз эсвэл өнгөлөн далдлах" хувцастай байсан гэж тодорхойлжээ. Хэдэн хүн байсныг харсан гэрчүүд тодорхой хэлж чадахгүй байна. Гэрчүүд халдагчид юу ч хэлж дугарахгүй байсан, мөн тэд маск зүүгээгүй байсан гэжээ. Мөн өөр нэг гэрч халдлага үйлдэгсэд нүүрээ алчуураар боосон байсан, доороос нь сахал харагдаж байсан гэж мэдэгджээ.

Crocus event hall-д халдсаны дараа гарсан видео бичлэг дээр үндэслэн дор хаяж гурван этгээд халдлага үйлдсэн гэж дүгнэжээ.

Хэргийн газраас зугтсан байж болзошгүй “өнгө далдалсан хувцастай дөрвөн эрэгтэйг” хууль сахиулах байгууллагууд эрэн сурвалжилж байгаа талаар База мэдээлжээ.

Мэдээллийн РИА Новости агентлаг Тверь мужид бүртгэлтэй улсын дугаартай цагаан Renault Symbol автомашины гэрэл зургийг нийтэлжээ.

“Новая газета Европ” эх сурвалжийн мэдээлснээр машины өмнөх эзэмшигчийг тодруулжээ. 24 настай залуу машинаа "долоо хоногийн өмнө эхнэрийнхээ дүүд зарсан" гэж хэлсэн бөгөөд эхнэрийн дүү нь машиныг найзад нь хэрэг болсон гэж хэлсэн ажээ. Машиныг будсан болохыг тогтоосон бөгөөд анх хар өнгөтэй байжээ.

Замын хөдөлгөөний камерт өртсөн тухайн машины зурагт харагдсанааар машинд хоёр эрэгтэй хүн харагдаж байсан ч зөвхөн нэгнийх нь нүүрний онцлогийг ялгаж салгаж болно - тэр малгай өмссөн байсан ч хар үстэй, өнгөлөн далдалсан хувцас өмссөн байсан нь тодорхой байв. 

Хожим нь аюулгүй байдлын албаныхан саарал өнгийн Renault Fluence буюу хоёр дахь машиныг хайж байгаа гэсэн мэдээлэл гарч иржээ. Энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

"Коммерсант" сонин хууль сахиулах байгууллагуудаас иш татан, халдлага үйлдэгсдийг цэргийн болон нисэх хүчний бэлтгэлтэй байсан гэж мэдэгджээ.

Нэрээ нууцалсан хэд хэдэн телеграм сувгууд Брянск мужид алан хядагчид "харагдсан" бөгөөд тэдний нэгийг нь устгасан гэж бичжээ. Гэхдээ энэ мэдээлэл нь батлагдаагүй мэдээлэл юм.

Оросын эрх баригчид энэ асуудлаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Эх сурвалж: Русская служба, BBC.com