Цаг үеийн мэдээ

ОХУ-ын нийслэл Москва хот дахь Крокус Сити Холл концертын танхимд өнгөрсөн баасан гарагийн орой Оросын Пикник рок хамтлаг тоглолтоо хийхээр товлосон байжээ. Гэвч тоглолт эхлэхээс өмнө галт зэвсэгтэй бүлэг этгээд концертын танхим руу нэвтэрч зуу гаруй хүнийг хороож, мөн тооны хүнийг шархдуулсан. 

Ням гарагийн байдлаар нас барсан хүний тоо 137-д хүрсэн бөгөөд шархадсан 60 орчим хүний биеийн байдал маш муу байгаа тул амь насаа алдсан хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа. 

Гэмт этгээдүүд халдлага үйлдсэнийхээ дараа шатамхай бодис цацаж концертын танхимыг шатаасан. Амь насаа алдсан хүмүүсийн олонх нь бууны суманд оногдсон бол гал гарах үед угаартаж шатсан олон хүний цогцос нэмж олджээ. 

Оросын цагдаа нар халдлага үйлдсэнийхээ дараа Украин руу зугтахыг завдсан 11 хүнийг баривчилсны дөрөв нь хэргийг гардан гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг халдлагыг Исламын улс зэвсэгт бүлэг зохион байгуулжээ.

Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэн этгээдүүдийн шүүх хурал өчигдөр буюу ням гарагт эхэлсэн. Тэднийг урьдчилсан байдлаар тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл баривчлан саатуулах анхан шатны тушаал гарч, энэ хугацааг үргэлжлүүлэн сунгах нь гарцаагүй гэж мэдээлж байна. Эдгээр дөрвөн этгээдийн эсрэг терроризмын гэмт хэргийн яллах дүгнэлт үйлдэж байгаа бөгөөд бүх насаар нь хорих ял оноож магадгүй гэж Москвагийн Басманни дүүргийн шүүхээс мэдэгджээ. 

Халдлагыг гардан үйлдсэн дөрвөн этгээдийн хоёр нь Тажикстанаас ирсэн болохыг тогтоосон. Эдгээр гэмт этгээдүүдийн нэр Далержон Мирзоев, Саидакрами Муродали Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов нар болохыг зарласан байна. Өнгөрсөн баасан гарагт Москвад гарсан террорист халдлага ОХУ-д 2000-аад оноос хойш гараагүй хамгийн олон тооны хүний амийг хохироосон халдлага болсон. 

Ерөнхийлөгч Владимир Путин уг халдлагад Украин улсыг ямар нэгэн байдлаар холбоотой хэмээн сэрдэж буйгаа мэдэгдсэн. Гэвч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський уг сэрдлэгийг гүтгэлэг хэмээн эрс эсэргүүцэж, аюулгүй байдалдаа илүү анхаарал хандуулахыг Путинд зөвлөжээ.