Цаг үеийн мэдээ

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар өнөөдөр /2024.04.25/ ЭМДҮЗ-ийн  шалгалтаар илэрсэн зөрчлүүд болон эмийн сонсгол дээр яригдсан хамаарал бүхий этгээдүүд, "Өргөө" амаржих газрын удирдлага, ажилчидтай холбоотой сэдвүүдийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. 

Мэдээллийн эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат ЭМД-ын сангийн журмуудад сүүлийн хоёр жилд нэмэлт өөрчлөлт орсноор иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах талд дорвитой шийдвэрүүдийг гаргаж, нэг хүнд элэг шилжүүлэн суулгахад 113 сая төгрөг шаардагддаг байсны 25 хувийг иргэн хүн өөрөө төлдөг байсныг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг болсон тухай мэдээлэв. Гэсэн ч энэхүү шийдвэр жинхэнэ эздэдээ очиж амжаагүй байхад хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн 800 сая төгрөгийг ЭМД-ын сангаас гаргаж авсан ноцтой зөрчил илэрсэн талаар мэдээлсэн юм. Тэрээр энэ тухай “Энэ шийдвэр гараад зургаан сар болох хугацаанд ЭМД-ын сангаас зургаан хүнд элэг шилжүүлэн суулгасан гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн 800 орчим сая төгрөг гаргуулж авсныг актаар тогтоосон. Энэ бол эрх мэдэлтэй хүн оролцож хийж байгаа зүйл гэж би хардаж байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагад өгнө. Үүнээс гадна Монгол улсад бүх мэс засал хийгддэг. Гэтэл энэ мэс заслын техник технологийг ганцхан компани оруулж ирдэг ноцтой үйлдэл илэрсэн. Энэ монопол байдлыг задалж байж энэ өндөр өртөгтэй мэс заслуудын өртөг буурах боломжтой. Гэтэл үүнийг “Эмийн сонсгол” дээр яагаад ярьсангүй вэ? Энэ бол батлагдсан баримт. ЭМД-ын сантай холбоотой баримтуудыг бид шалгуулж байна. Шалгуулаад нотлогдсон баримтуудыг бид танилцуулна. Тэгсэн хэрнэ ямар ч баримтгүйгээр буруугүй хүмүүсийг буруутган эмийн бизнес хийдэг гэж хамаатуулж олон нийтэд мэдээллээ. Энэ дотор ЭМДҮЗ-ийн гишүүн миний бие болон Т.Баясгалан орсон байгаа. Намайг холбосон “Lhamour” компанийг би олж асуудлыг тодруулахад С.Эрдэнэбат гэдэг хүнтэй ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн. Энэ үйлдлийг бид санаатайгаар зохион байгуулж, иргэдийг төөрөгдүүлж эмийн жинхэнэ луйварчдыг хамгаалж гарах арга гэж хардаж байгаа. Энэ шинжлэн судалж гаргасан хүн зарим нэг хүмүүстэй хамаарал бүхий юм шиг байна. Яагаад гэвэл энэ шинжлэн судалсан хүн өмнө нь нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан хүн байна. Надад албан ёсны хариу өгөөгүй хэрнэ араас нь нэгдүгээр эмнэлгийн захирал асан Ж.Энхцэцэг гэдэг хүн ҮЭ-ийн хүмүүс тендер шахлаа гэдэг асуудлыг ярьсан. Үүнийг би зохион байгуулалттай, өс хонзонгийн сэдэлтэй гэж харж байна. Би өнөөдөр нэгдүгээр амаржих төвд ажилласан. Хоёр жилийн өмнө энэ Ж.Энхцэцэг гэдэг хүнтэй холбоотой 80 гаруй хүний өргөдөл орж ирсэн. Энэ хүн эрүүгийн цагдаагийн газар ажиллаж байсан хурандаа нарыг авчирч эмнэлгийн ажилчдад хэрэг тулгаж ажлаа өгөх, өөр газар ажиллуулахгүй байх, өргөдлөө өгөхийг шаардаж дарамталж хүчирхийлсэн. Ажилчид нь бид өргөдлөө өөрсдөө өгсөн мэт харагдаж байгаа ч ажлын байрны дарамтад өртөж өргөдлөө өгсөн гэдгээ хэлсэн. Тиймээс тухайн үед энэ алдаагаа засахыг шаардсан бичиг хүргүүлсэн. Тухайн үед нэгдүгээр эмнэлгийн 400 гаруй хүнийг удирддаг 37 хүн байснаас 34 нь өргөдлөө өгч ажлаасаа гарсан. Удирдлагын баг аргаа бараад ажлаасаа гарсан. Ингэж мэргэшсэн багыг байхгүй болгож байгаагийн ард эхчүүд, хүүхдүүд хохирно. Хувийн эмнэлэгтэй хүнийг улсын эмнэлгийн захирлаар томилсон нь маш том завхрал байгаагийн тод жишээ” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн цаашдаа ЭМДҮЗ бүх баримтуудыг олон нийтэд тайлагнана хэмээгээд ЭМДҮЗ-ийн хурлыг нээлттэй хуралдуулах талаар ЭМД-ын Үндэсний зөвлөлийн даргад санал тавихаа илэрхийллээ. 

Тус хэвлэлийн хуралд оролцсон ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан “Эмийн салбарт монопол болсон байдлыг задлах байх гэж найдаж байсан. Гэтэл эмийн сонсгол “сонсгол” болж чадсангүй. Намайг “5Б” гэдэг компанитай хамаарал бүхий гэж зарласан. Гэтэл энэ компанийн захирал нь намайг танихгүй байх жишээтэй. Ингэж хэлмэгдсэн 10 гаруй хүн байна. Шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ ингэж хэлмэгдүүлэх шаардлага байгаа юм уу. Зарласан хойноо “тэгээд буруугүй бол санаа зовох юм байхгүй шүү дээ” гэж ярьж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Мөн эмийн салбарт монопол хэдхэн хүн л байна. Тэгэхээр өмнө нь саад тавьж өөр хүмүүсээр ард иргэдийн толгойг эргүүлэх тактик барьсан гэж харж байна. Тиймээс хамаарал бүхий ямар нэг сэдэл олж холбож тавь гэдэг даалгавар энэ шинжээчдэд өгсөн гэж харж байна. Нотлох ёстой шүү дээ. Үүний цаана эмийн үнийг 10 дахин нугалж зардаг жинхэнэ буруутнууд байна. Тиймээс энэ сонсголыг дахин хийхийг шаардаж байна. Хэлмэгдүүлсэн хүмүүсээ цагаатгаж зарла” хэмээн байр сууриа илэрхийллээ.