Цаг үеийн мэдээ

Ковид 19-ийн халдварын нөхцөл байдал хүндэрч өдөрт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо мянга давж байгаа энэ үед 14 хоногийн хатуу хөл хориог сунгах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр өмнө мэдэгдэж байсан.

Хатуу хөл хорионы дараа халдварын дахин том давалгаа үүсч халдвар 5 сарын 15-нд оргил үедээ хүрч, шинэ халдварын тохиолдол өдөрт 1409 хүрэх тооцоолол буйг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал цахим хуудастаа мэдээлж байв.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хөл хорио сунгахтай холбоотой зарим мэдээллийг хүргэлээ.

Тэрээр: "Анхнаасаа ХӨСҮТ, ЭМЯ хатуу хөл хориог 28 хоног байх ёстой гэж үзсэн. Энэ 28 хоног гэдэг бол энэ өвчний 2 удаагийн нууц үеийг өнгөртөл гэх үндэслэлээр гаргасан санал. Өмнө нь өдөрт гарч буй тохиолдол 50-100 байсан бол сүүлийн 2-3  долоо хоногийн хугацаанд 5 хоног тутам тохиолдлын тоо 2 дахин нэмэгдэж байна. Жишээ нь 200 байсан тохиолдол 5 хоногийн дараа 400 болж байсан. Дахиад 5 хоногийн дараа 800 болж байна. Ийм хурдацтай, өргөн тархсан хэлбэрлүү шилжсэн учраас энэ хөл хорионы хугацааг илүү урт байх нь халдварт өвчний хариу арга хэмжээг илүү үр дүнтэй авч чадна. Мөн тархалтын хамгийн оргил үеэсээ цааш 14-21 хоногийн дараа гол хүндрэлүүд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл тэр үед эмнэлгийн ачаалал, нас баралт, маш хүнд өвчилж буй хүмүүсийн тоо  нэмэгдэнэ гэх мэтчилэн олон хүчин зүйлүүдийг үндэслэж энэ шийдвэрийг гаргасан. Гэхдээ эдийн засгаа аварч үлдэх, ард иргэд аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад энэ хөл хорионы хугацааг харилцан харгалзаж үзээд Засгийн газар 14 хоног гэсэн шийдвэр гаргасан. Бид нөхцөл байдлыг хараад эхний долоо хоног өнгөрлөө одоо 2 дахь долоо хоногт тохиолдлын тоо ямар байх нь уу? нас баралт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хариу арга хэмжээний багуудын хүрэлцээ хангамж хэр байх нь вэ? гэдгээс хамаараад дараа дараагийн саналуудаа Улсын онцгой комисс, Засгийн газарт хүргүүлнэ. Өнөөдөр шууд 14 хоног сунгая гэж ойлгож болохгүй нөхцөл байдалтай уялдуулаад бид нар тодорхой саналуудыг гаргана" гэлээ.