Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн хэлбэрээр үзүүлэх “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны “Эрүүл мэндийн төв”-ийн найман давхар өргөтгөлийн барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дотор засал тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээн авлаа. 

Энэхүү өргөтгөлд 200 ортой яаралтай тусламжийн тасаг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хэвтэн эмчлүүлэх тасгууд иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм.

Тус өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд олон улсын стандартад нийцсэн ая тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж байна.

Тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хөх бүрдний эх” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.