Цаг үеийн мэдээ

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Мехико хотноо 1968 онд зохион байгуулагдсан зуны XIX олимпын наадмаас чөлөөт бөхийн төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан, Энэтхэг улсын Дели хотноо 1967 онд явагдсан ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртсэн дэлхийн бөх,  Монгол улсын даяар дуурьсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын алдар гавьяаг дурсаж, хөшөө дурсгалыг аймгийн төв Зуунмод хотноо мөнхжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Өнөөдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 3-ны Балжиннямтай билигт сайн өдөр домогт аваргын дурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, аваргын гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, аймгийн БТСГ-ын хамт олны төлөөлөл оролцлоо.

Жигжидийн Мөнхбат нь 1941 оны VI сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлж, бага залуу наснаасаа үндэсний бөх, чөлөөт бөхийн төрлүүдээр хичээллэж улсын их баяр наадамд 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онуудад түрүүлж, 1972, 1975, 1978, 1980 онуудад үзүүрлэн Улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд төвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга чимэг, цолыг хүртэн ард түмний хайр хүндэтгэлд оршсон гавьяатан байв.

Таны сурталчилгаа