Цаг үеийн мэдээ

            ХӨСҮТ-ийн лаборторид хийгдэж буй коронавирусийн халдварыг тодорхойлох оношилгоо хэр найдвартай эсэх талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны аюулгүй ажиллагааны менежер, Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийн ахлах зэргийн эмч Э.Баттөмөрөөс тодрууллаа.  

Зө.мн: - Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас үүсэлтэй коронавирусийн дэгдэлт газар авч дэлхий дахиныг айдаст автуулж байна.  Хятад улстай хөрш залгаа орны хувьд вирусийн халдвар гараагүй гэдэгт манай улсын иргэд  итгэл муутай байна.  

Э.Б: -  Бичил биетний мөн чанарыг нь сайн ойлгох хэрэгтэй. Ер нь бичил биетэн их хувьсамтгай шинж чанартай байдаг.  Коронавирус бол халуун оронд үүссэн өвчин бөгөөд өмнө нь байсан өвчин юм. Гэхдээ энэ удаагийн дэгдэлт нь коронавирусийн аймаг дотроо дахин шинэ хэв шинжээр гарч байгаа төрөл нь юм. Энэ өвчний халдварын хувьд хүний дархлаа чадамжийн асуудал яригдаж байна.   

            Манай улсад энэ өвчин одоогийн байдлаар тархаагүй байгаа нь Монгол улс энэ өвчний эсрэг хариу арга хэмжээг маш хурдан авч чадсантай холбоотой юм.  Мөн хөл хориог маш эрт авч хүүхдүүдийн хичээл сургуулийг зогсоох зэргээр хүмүүсийн нягтралыг багасгаж чадсан нь энэ өвчнөөс сэргийлэх өндөр арга хэмжээ болсон.  Мөн үзлэг сайн хийгдэж, сэжигтэй тохиол бүрийг тусгаарлаж асуумж болон оношилгоо шинжилгээг  цаг алдалгүй хийж, халдвар мөн биш эсэхийг тодорхой болгож байна.

Зө.мн: -  Коронавирусийн оношилгоо зөв гарч байгаа эсэхэд иргэд мөн эргэлзэж байна. Тэгэхээр ХӨСҮТ-ийн лабораторийн тоног төхөөрөмж, оношлох арга барил хэр найдвартай вэ?

Э.Б: -  ХӨСҮТ олон улсын стандартыг хангасан цомгоор үндэсний стандартын арга аргачлалыг баримталж лабораторийн оношилгоог хийдэг. Мөн бид жил бүр өөрсдийн оношилсон дээжээ гадаад руу явуулж давхар шалгуулдаг бөгөөд хариу 95 хувиас дээш зөв хариу гардаг.  Ялангуяа манай лабораторийн томуу томуу төст өвчний дээжний хариу 100 хувийн зөв оношилгоотой гэсэн хариуг авдаг. Тэгэхээр коронавирус мөн адил амьсгалын замаар дамждаг халдвар учраас бидний хийж байгаа лабораторийн хариу 95-100 хувь найдвартай.

 Зө.мн: -   Коронавирус агаар дуслын замаар халддаг тун аюултай өвчин. Гэтэл өнөөдрийн байдлаар амны хаалтгүй хүмүүс олон нийтийн газраар үзэгдсээр байна.  

Э.Б: -   Амьсгалын замын өвчний хувьд хоорондын зай маш чухал. Хүн амьсгалж ярьж байхад хүний амьсгалаар шүлсний дусал гадагшилж байдаг.  Тэр дуслаар маш олон бичил биетний халдвар агаарт цацагдаж байдаг.  Тэр бүхнээс таныг амны хаалт л хамгаална. Мөн аливаа хүнтэй нэг метрийн зайд харилцах хэрэгтэй.  Манайхны хувьд нэг буруу ойлголт яваад байна. Коронавирусийн халдвараас N95 хэмээх зориулалтын амны хаалт л хамгаална гэж бодоод байна. Гэхдээ энгийн амны хаалт ч маш сайн хамгаална гэдгийг ойлгоорой. Гэхдээ зөв зүүх нь чухал. Мөн бохир амны хаалтаа тайлахдаа цэврээс бохир чиглэл рүү хумьж тусгай саванд хийж хаях хэрэгтэй. Тэрнээс хармаанд хийх, эсвэл ширээн дээр тавьж орхих энэ бүгд эргээд халдвар тархах аюулыг дагуулж байна.  Мөн манай оронд илрээгүй хэмээн тайвширч болохгүй. Аливаа халдварт өвчин гэнэт үүсдэггүй. Байгалийн тодорхой давтамж хөдлөл зүйтэй байдаг. Үүнийг мэргэжлийн хүмүүс тандаж судалж байдаг. Тиймээс амны хаалтаа байнга зүүж хувийн ариун цэврээ сахиж байх хэрэгтэй.

Зө.мн: -    Иргэд сүүлийн үед цацдаг спиртийн уусмалаар гараа ариутгаж байна. Ер нь спиртийн уусмал хэр найдвартай ариутгагч вэ?

Э.Б: -    Хүний гар хүрэхгүй газар гэж үгүй. Тиймээс гарыг зөв угаах маш чухал.  Гарыг маш сайн хөөсрүүлээд 30-60 секундын хугацаанд таван мөчийн аргаар гарыг угаана. Гарын аль нэг хэсгээ дутуу угаахад л бактер үлдэж таны цэвэрлэгээ үр дүнгүй болно.  Харин спиртэд суурилсан уусмалыг халдваргүйжүүлэхэд л хэрэглэнэ. Энэ бол ариутгал биш.  Яахав яаралтай тохиолдол гар руу цацахад богино хугацаанд бактерыг устгана. Гэхдээ нойтон гар дээр спиртэнд суурилсан шингэнийг хэрэглэх ямар ч үр дүнгүй юм.  Заавал угаасан гараа хатааж байж спиртэд суурилсан шингэнийг хэрэглэнэ. Ер нь халдварт өвчний тусахгүй байя гэвэл гарын эрүүл ахуйг сахих нь нэг номерын  хамгаалалт юм.

Зө.мн: -    Энэ вирусийн шинж тэмдэг илэрвэл нэн түрүүнд юу хийх  ёстой вэ?

Э.Б: -    Томуу, томуу төст өвчний хүндрэл, амьсгалын замын өвөрмөц хатгаатай адил шинж тэмдэг илэрч байгаа. Өвчлөл гарсан цагаас эхлэн энэ шинж тэмдэгт өөрчлөлт гараагүй. Өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, суулгах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл та яаралтай мэргэжлийн эмчид хандах ёстой. ХӨСҮТ 24 цагаар ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн  түргэний 100 утсаар дуудлага өгч болно.  Харин өөрөө дур мэдэн халуун буулгах эм, вирусийн эсрэг эм ууж болохгүй. Ингэснээс болж шинж тэмдэг бүдгэрэх аюултай. ДЭМБ-ын удирдамжийн дагуу өөрийгөө яаралтай тусгаарлах хэрэгтэй.  Энд нэг зүйлийг зөвлөхөд иргэд өөрийгөө өвчнөөс хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй. Аливаа өвчнийг тусахгүй байх нь хүний зан үйлтэй шууд холбоотой. Сайн унтаж амарч, илчлэг сайтай хоол хүнсийг хэрэглэнэ. Харин богино хугацаанд унтдаг нойр дутуу хүмүүс, архаг тамхичин, тамхи татдаг хүмүүс,  архины хамааралтай хүмүүс, архаг хууч суурь өвчин, сахарын өвчтэй, уушгиний өвчтэй хүмүүст эрсдэлт бүлэгт орно. Мөн дархлаа төгөлдөржөөгүй бага насны хүмүүс болон өндөр настай хүмүүс өөрсдийгөө маш өндөр хамгаалах хэрэгтэй.   

Зө.мн: -    Танд баярлалаа.