Америкийн эмч нарын холбооноос эрхлэн гаргадаг “Annals of Internal Medicine” сэтгүүлд коронавирустэй холбоотой шинэ судалгааг нийтэлсэн байна. Тус судалгаагаар Ковид-19 вирусийн халдвар аваад эдгэсэн зарим хүмүүсийн хамар, хоолойноос авсан шинжилгээ сөрөг гарч байгаа ч, өтгөн нь вирусийн халдварыг тээсээр байгаа нь тогтоогдсон байна.
Судалгаанд хамрагдсан 100 гаруй хүний хамар залгиурын арчдас сөрөг гарснаас хойш 13-аас 39 хоногийн дараа өтгөнөөс нь авсан шинжилгээгээр 22 хүнийх эерэг гарсан байна. Гэхдээ энэ нь хүн бүрд илрэхгүй бөгөөд зарим хүмүүс бүрэн эдгэж чадаж байгаа юм.
Мөн халдвартай хүмүүсийн хэрэглэж байгаа ариун цэврийн өрөөний суултуураас авсан шинжилгээ эерэг гарч байгаа бөгөөд зарим орны цэвэрлэх байгууламжийн бохир усанд коронавирус илэрсэн байна.
Тиймээс 00-ын өрөөний суултуур, бохирын шугамаар коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, бие зассаныхаа дараа суултуурынхаа тагийг таглаж, усаа татаж байхыг зөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: https://www.businessinsider.com