Цаг үеийн мэдээ

Израилын хууль тогтоогчид хэдэн долоо хоногийн өмнө Газын дайн үргэлжлэх хугацаанд үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй гэж үзсэн гадаадын телевизийн сувгийг хаах хуулийг санаачлан баталсан. Уг хуулийн хүрээнд Al Jazeera телевизийн Израил дахь салбарыг үндэсний аюулгүй байдалд халдаж болзошгүй гэж үзэн хаах шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Израилын Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху уг шийдвэрийг өчигдөр танилцуулсан байна. Түүний хэлснээр Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр Газын дайн дуусах хүртэл Al Jazeera сувгийг Израилын нутагт гаргахгүй байх шийдвэрийг дэмжжээ. Засгийн газрын шийдвэр гарсны дараахан Иерусалем хот дахь Ambassador зочид буудалд байрладаг Al Jazeera телевизийн байр руу цагдаа нар нэвтэрсэн байна. Цагдаа нар телевизийн тоног төхөөрөмжүүдийг хурааж авчээ. 

Катарт төвтэй Al Jazeera телевизийн зүгээс сувгийг хүчээр хааж байгаа нь өдөөн хатгасан, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл хэмээн буруутгаж байна. Израилын эрх баригчид тус сувгийг дайтагч тал болох Палестины Хамас бүлэглэлийн үзэл санааг дэлгэрүүлэн түгээж байгаа гэж сэрдэж, дургүйцлээ илэрхийлж байна гэж зарим хэвлэлд нийтэлсэн байна. 

Al Jazeera Media Network компани нь Катарын Засгийн газрын санхүүжилттэйгээр 1997 онд Дохад үүсэн байгуулагдаж байсан юм. Тус компани 24 цагийн турш англи хэл дээр мэдээ дамжуулах сувгаа 2006 онд нээж байжээ. 

Эх сурвалж: bbc.com

Таны сурталчилгаа