Цаг үеийн мэдээ

Ковид-19 цар тахал Тайландын аялал жуулчлалын салбарыг зогсонги байдалд оруулснаас болж заанууд идэх хоолгүй болж өлсөж үхэх аюулд нэрвэгдээд байна.

Жуулчдын хөл хөдөлгөөн тасарснаас болж ямар ч орлогогүй болсон тус салбарынхан 4000 гаруй заандаа идэш тэжээл авч өгч чадахгүйд хүрчээ. Зөвхөн нэг заан л гэхэд өдөрт ойролцоогоор 200 кг хүнс, тэжээл иддэг байна.

 “Зааныг аврах сан”-г үүсгэн байгуулагч Лек Чэйлертийн ярьж байгаагаар- “Хэрэв бидэнд тусламж, дэмжлэг ирэхгүй бол заанууд маань турж үхэх эсвэл гудамжинд гарч гуйлга гуйхаас өөр гарцгүй болно” гэсэн байна.

Өлсгөлөнд нэрвэгдээд байгаа заануудын дунд хээлтэй заан ч цөөнгүй байгаа юм. Үүнээс гадна цаг агаарын хувьд хуурай улирлын үе ирээд байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм байна. Заанууд өлссөнөөсөө болж ууртай догшин авир гаргах болсон байна.

Заан тэжээдэг зарим иргэд хангалттай өвс, эрдэнэшишийн иш олохын тулд өдөрт 3 цаг машинаар явах шаардлагатай болж байгаа гэнэ.

Аялал жуулчлалаар эдийн засгийнхаа томоохон хэсгийг бүрдүүлдэг Тайланд улсад коронавирусийн 1651 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Зөвхөн өнгөрсөн онд 35 сая орчим гадны жуулчин тус улсад аялсан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа