АНУ-ын тэнгисийн хүчний цөмийн нисэх онгоц тээвэрлэгч “Теодор Рузвельт” хөлөг онгоцон дээр коронавирусийн халдвар тархсан байна. 4000 гаруй гишүүнтэй тус хөлөг онгоц Гуамд зангуугаа буулган зогсоод байгаа юм.
Одоогоор хөлгийн 100 гаруй усан цэрэг ковид-19-ийн халдвар аваад байгаа бөгөөд тэднийг тусгаарлах зай талбай бага байгаа учир хөл хорионы дэглэм тогтоох боломжгүй байгаа юм байна.
Хөлгийн ахмад Бретт Крозер үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Америкийн тэнгисийн цэргийн хүчнээс яаралтай тусламж хүссэн байна.
Хөлгийн ахмадын Пентагон руу илгээсэн захидалд “Бид дайн тулаанд яваагүй учир энхийн цагт усан цэргүүд үхэх ёсгүй” гэсэн байна.
Тиймээс халдвар авсан далайчдыг аль болох яаралтай Гуам дахь цэргийн бааз руу хүргэж тусгаарлан, эмчлэх шаардлагатай байгааг тус захидалдаа сануулжээ. АНУ-д коронавирусийн улмаас 3400 гаруй хүн нас барж, 180 мянга орчим хүн халдвар аваад байна.
Эх сурвалж: ВВС