Цаг үеийн мэдээ

Дэлхий даяар коронавирусийн цар тахалд нэрвэгдэж, бүх хил хязгаарыг хаагаад байгаа ч хоёр бие рүүгээ тэмүүлэх хос зүрхэнд хаалт болж чадаагүй байна. 

Германы иргэн Карстен 89 настай. Харин Инга Дани улсын иргэн бөгөөд 85 настай. Карстены Германы нэгэн хотод амьдардаг бол Инга Gallehus гэдэг Дани улсын жижиг тосгонд амьдардаг байна. Энэ хоёр хилийн хот нь хоорондоо ердөө 20 км-ын зайтай.  Карстен, Инга хоёр танилцаад хоёр жил болж байна. 

"...Бүх юм маш хурдан болоод л өнгөрсөн. Бид хоёр санаандгүй л тааралдчихсан. Би яриа өдөөд, өөр хүнд авсан байсан цэцгийн баглаагаа шууд Ингад өгчихсөн. Тэр даруйдаа би Ингаг гэртээ урьсан. Маргааш нь бас нэг бяцxан баярт ахиад л урьсан. Инга маань байдгаараа гоёчихсон над дээр ирсэн. Миний зүрх ямар хурдан цохилсон гэж санана.." хэмээн Карстен Ингатай анх таарсан өдрөө дурсаж байна.

Энэ өдрөөс хойш тэд өдөр болгон цагийг хамт өнгөрөөх болжээ. "Би ихэнх үед Карстений гэрт л өнждөг. Харин 3 дугаар сарын 13–ны өдрөөс эхлэн хоёр улсын хил хааснаас болж бид уулзаж чадахаа байсан. Утсаар яриад байхаар утгагүй санагдсан учир бид хилийн зурвас дээр уулзалддаг болсон. Цаг агаар ч ашгүй гайгүй байгаад байна” хэмээн Инга өгүүлж байна. Мөн тэрээр:

–“Би танилынхаа эдлэн дээр очиж гүзээлзгэнэ худалдаж авах гээд зогсож байсан юм. Харин Карстен миний хойно зогсож байлаа л даа. Тэгснээ энэ байшинд Кирстен амьдрахаа больчихсон юм уу гэхээр нь Кирстен нүүгээд удаж байгаа гэж хариулсан юм. Тэр даруй өнөөх чинь гартаа барьж байсан цэцгээ надад өгчихсөн. Би гайхаад, энэ ямар гажигтай нөхөр вэ гэж бодсон. Тэгснээ чи манайд очихгүй юм уу, хоёулаа хамт кофе ууя гэхээр нь би хамт явчихсан. Яагаад дагаад явчихсанаа би одоо хүртэл өөрөө ч гайхдаг..." хэмээн Инга инээвхийлэв.

 

      

 

Тэд хилийн зурвас дээр уулзахдаа бие биенээсээ 1,5 метрийн зайгаа хүртэл баримталдаг. Нэг нэгнийгээ "Schatzi буюу “эрдэнэcхэн" минь гэж дуудна. Карстен, Инга хоёр бэлэвсрээд олон жил болж байгаа юм байна.

 

    

"Үнсэлцэж ч болохгүй, тэврэлдэж ч болохгүй. Гэлээ гээд Инга маань машинаа унаад хүрээд ирдэг. Өөрийн хийсэн жигнэмэгээ, бялуугаа аваад ирдэг. Заримдаа бүр хоол хүртэл хийчихсэн аваад ирдэг гээд л бод. Би электрoн дугуйгаа унаад, халуун савандаа өөрийнхөө чанасан кофегоо хийгээд аваад очдог. Энэ маягаараа бид  өдөр болгон уулзалдаж байна. Бид хоёр цаашдаа хамтдаа юу хийх төлөвлөгөөгөө ярилцдаг. Хамт аялна гэж бодож байгаа. Бид өмнө нь хоёр ч удаа усан онгоцоор Дунай мөрнөөр хамт аялсан. Ирэх жилийн 3 сард миний 90 насны ой болно. Мэдээж Ингатайгаа хамт тэмдэглэнэ гэж бодож байгаа. Улаан өндөгний баяр гэхэд хорио тавигдаасай гэж залбирч байна..." хэмээв.

 

Таны сурталчилгаа