Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа цар тахалтай тэмцэхэд улс орнууд чадах чинээгээрээ харилцан биедээ туслах хэрэгтэй хэмээн Тайваний анхны эмэгтэй ерөнхийлөгч Цай Ин Вэн хэллээ.
Энэ санаачлагыг хэрэгжүүлж Тайвань улс дэлхийн зарим орнуудад нэн шаардлагатай байгаа амны хаалтыг хандивлахаар шийдвэрлэсэн байна. Үүний хүрээнд 7 сая ширхэг амны хаалтыг Европын Холбооны орнууд болон Их Британи, Швейцарь улсууд руу илгээхээр болжээ. Мөн АНУ-ад амны хаалт хандивлахаа мэдэгдлээ.
Тайваний эрх баригчдын халдварын эсрэг авч буй арга хэмжээ ихээхэн үр дүнтэй байгаа бөгөөд тус улсад одоогийн байдлаар халдварын 322 тохиолдол, нас барсан 5 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Харин эх газрын Хятадын хувьд Европ руу 2 сая ширхэг амны хаалтыг усан онгоцоор илгээсэн байна. Мөн амны хаалтны аянд Хятадын толгой баячуудын нэг Жак Ма нэгдэж 2 сая ширхэг маскийг нөхцөл байдал хүнд байгаа Европт хандивлажээ.