Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан амралтын өдрүүдийг дөрөвдүгээр сарын эцэс хүртэл сунгахаар болсон тухайгаа мэдэгджээ. 

"Вирус судлаачдын үзэж байгаагаар, цар тахал дэлхий дахинаа тэр дундаа манай улсад оргил үедээ хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ажлын бус өдрүүдийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа" хэмээн тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Амралтын өдрүүдийг хөдөлмөр эрхлэгчид цалинтай өнгөрүүлэх хэвээр байгааг В.Путин онцолсон байна. 

Улс оронд нөхцөл байдал хэрхэж байгаа талаар ярих үеэрээ В.Путин цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай асуудлыг хөнджээ. Арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ бид улс оронд коронавирусийн аюул учирсан хэвээр байгааг ойлгох хэрэгтэй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Цалинтай амрах долоо хоногийн хугацааг өмнө нь В.Путин гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5 хүртэл хэмээн зарлаж байсан юм. Коронавирусийн нөхцөл байдал сайнаар эргэвэл цалинтай амралтын хугацааг багасгах боломжтойг тэрээр үгүйсгэсэнгүй. 

Дөрөвдүгээр сарын 30-наас хойш залгуулаад ОХУ-д Хавар болон хөдөлмөрийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 1-нээс 5 хүртэл үргэлжилсэн баяр амралтын өдрүүд эхлэх юм. 

Таны сурталчилгаа