Цаг үеийн мэдээ

Japan Tobacco International, Philip Morris International, British American Tobacco зэрэг томоохон тамхи үйлдвэрлэгчид ОХУ-ын нутаг дэвсгэр дэх үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хөл хорионы хугацаанд түр зогсоохоор болсон байна.

Зөвхөн өнгөрсөн нэг хоногийн хугацаанд манай хойд хөршид коронавирусээр халдварласан 771 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин хөл хориог 4 дүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн юм.

 Тус улсад хүмүүсийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, ариун цэврийн болон зарим шаардлагатай бүтээгдэхүүнүүдээс бусад бүх үйлдвэрлэлийг хөл хорионы дэглэмийн үеэр зогсоогоод байгаа юм.

3 дугаар сарын 28-нд ОХУ-ын засгийн газраас гаргасан үйл ажиллагаа нь хэвийн явагдах үйлдвэрүүдийн жагсаалтанд тамхи үйлдвэрлэгчид  багтаж байсан байна. Гэвч дараагийн өдөр нь тамхины үйлдвэрүүдийг тус жагсаалтаас хассан байна.

Санкт-Петербургт үйлдвэрлэлээ явуулдаг “British American Tobacco” компани Оросын тамхины зах зээлийн 50 хувийг дангаараа хангадаг байна. Тус компанийн захирал тамхийг зайлшгүй шаардлагатай барааны жагсаалтад оруулж өгөхийг эрх баригчдаас хүсчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар ОХУ-д 36 сая орчим хүн тамхи татдаг байна. Эдгээр хүмүүс сард нэг тэрбум хайрцаг тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Харин энэ салбарын үйлдвэрлэлийг зогсоосноор тус улсад тамхины хомсдол үүсч, үнийн хөөрөгдөл бий болж болзошгүй гэж албаны хүмүүс хэлж байна.

Таны сурталчилгаа