Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ыг коронавирусийн эсрэг хангалттай арга хэмжээ авч чадаагүйд буруутгаж байгаа юм.

Тус байгууллагыг Хятадад илүүтэйгээр төвлөрч анхаарал тавин ажиллаж байна хэмээн шүүмжилж байсан Дональд Трамп АНУ-аас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад олгодог санхүүжилтийг зогсоох үүрэг зааварчилгааг засаг захиргаандаа өгсөн гэдгээ мэдэгдлээ.

АНУ нь ДЭМБ-ын сайн дурын томоохон санхүүжүүлэгч орон юм. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд тус байгууллагын нийт төсвийн 15 хувийг буюу 400 сая ам.долларын санхүүжилтийг олгосон байна.

Тэгвэл энэхүү санхүүжилтийг зогсоох шийдвэрийг шүүмжлэлтэйгээр хүлээн авч байгаагаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ-“Цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон өөр бусад ямар ч хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийг багасгах нь цагаа олоогүй шийдвэр байх болно” гэжээ.

Мөн хүн төрөлхтөнд томоохон гамшиг дагуулаад байгаа вирусыг дарахын тулд дэлхийн улс орнууд, хамтын нийгэмлэгүүд, олон улсын байгууллагууд хоорондоо зөрчилдөхгүйгээр хамтын эв нэгдлийг эрхэмлэх нь хамгаас чухал байгааг НҮБ-ын тэргүүн онцолсон байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа