Цаг үеийн мэдээ

БНСУ нь коронавирус дэгдснээс хойш бүх нийтийн сонгууль явуулсан дэлхийн анхны орон болж байгаа юм. Өнөөдөр тус улсад явагдсан Үндэсний Ассамблейн 300 гишүүнийг сонгох сонгуульд иргэд цар тахлын дэгдэлтийг үл харгалзан маш идэвхтэй оролцлоо.  

Орон нутгийн цагаар 17 цагийн байдлаар сонгуулийн ирц 62,6 хувьтай гарсан нь сүүлийн 24 жилийн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт юм байна.

Энэ нь 2016 онд явагдсан 20 дахь удаагийн өмнөх сонгуулийн тухайн цагтай харьцуулахад 9,1 хувиар өндөр үзүүлэлт юм.

БНСУ-ын 21 дэх удаагийн бүх нийтийн сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч “Ардчилсан Нам” парламентын 300 суудлын 155-178-ыг нь авч ялалт байгуулах төлөвтэй байна. Харин сөрөг хүчний “Нэгдсэн Ирээдүй Нам” 107-130 суудал авах төлөвтэй байгааг урьдчилсан дүн харуулж байна.

Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн сонгууль түүхэндээ анх удаагаа эрүүл мэндийн өндөржүүлсэн бэлэн байдалд явагдсан юм.

Сонгогчид саналаа өгөхдөө заавал амны хаалт зүүж, биеийн халуунаа шалгуулж, гараа халдваргүйжүүлж, нэг удаагийн бээлий өмсөж, хоорондоо нэг метрийн зайтай зогсох дүрмийг баримталсан байна.

Тус улсын нийт хүн амынх нь 26 хувь буюу 11 сая хүн хугацаанаас өмнө нээгдсэн санал авах байруудад өнгөрөгч баасан, бямба гарагуудад очиж  урьдчилан саналаа өгсөн юм.

Энэ удаагийн парламентын сонгуулийн бас нэгэн онцлог нь 18 настнууд сонгуульд анх удаагаа саналаа өгсөн явдал юм.

Эх сурвалж: KBS news

Таны сурталчилгаа