Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 25-нд улсын хэмжээнд 14,227 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнд коронавирус илэрлээ. Долоон тохиолдлын дөрөв нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой бөгөөд хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтал нэг байна. Тус дүүргийн эмнэлгээс эхтэй голомтод нийтдээ 146 хүн өвчиллөө. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 15, гэр бүлийн гишүүд 27, өвчтөн 81, сахиур 22, хавьтал нэг байгаа юм. Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь ХСҮТ-ийн ажилтан бол тэдний ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ. Эмч, ажилчид халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсан учраас халдвар авсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, ойрын хавьтал 112 хавьтлыг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа. Урьдчилсан байдлаар 400 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна" гэлээ.