Монгол Улс анх 1950 оноос Номын баярыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй ба 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” болон өргөжин улсын хэмжээнд жилд 2 удаа зохион байгуулж байна.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн сан хөмрөгийг арвижуулах, үндэсний бичиг, соёлыг сурталчлах, хүүхэд залуучуудад номын эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор улс орон даяар 5 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Аливаа улс үндэстний хувьд эх хэл түүнийг тэмдэглэж ирсэн бичиг нь тухайн үндэстэн оршин байх үндэс, тусгаар тогтнолын баталгаа болдог билээ. Соёлын салбар 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарлан монгол бичиг, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах ажлууд өрнөж байна.
Монголын орчин үеийн уран зохиолын өнөө үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл утга зохиолыг хөгжүүлэх, урлагийн бусад салбартай уран зохиолын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэхэд уран зохиолын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн номын баярын хавар, намрын 7 хоногийг Ном уншлагын болон Утга зохиолын 7 хоног болгон өргөжүүлж соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн хаврын номын баярыг угтан хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Номын сайн нөхөр” уралдааныг шилдэг уншигч хүүхэд, шилдэг ном, шилдэг анги хамт олон, шилдэг номын сан, шилдэг хэвлэлийн газар, шилдэг уншигч гэсэн төрлүүдээр улсын хэмжээнд зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.