Цаг үеийн мэдээ

Япон улсын Шизүока муж, Дорноговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бохир ус цэвэрлэх үйл ажиллагааг чадавхжуулах төсөл” -ийн санамж бичиг үзэглэх ёслол 2021.08.03-ны өдөр цахимаар болж өндөрлөлөө.

Тус ёслолд аймгийн Засаг дарга О.Батжаргал, Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйта болон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар оролцлоо. ЖАЙКА-ийн Өвсний үндэс ТХА-ны хүрээнд дэмжлэг үзүүлж буй уг төслийг нутгийн өөрөө удирдах байгууллагаас дэвшүүлсэн төслийн саналд үндэслэн хамтран хэрэгжүүлэгч талын ноу-хау, мэдлэг чадварыг нутагшуулах чиглэлээр хоёр талын байгууллагууд 2024 оны 3 сар хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Энэ үеэр Ноён Кавакацү “Өмнөх төслүүдийн хүрээнд Дорноговь аймгийн хэрэглээний усны орчинг сайжруулах, нутгийн иргэдэд сургалт зохион байгуулах үйл ажиллагааг явуулж ирсэн бол энэ удаад үргэлжлүүлэн аймгийн бага оврын бохир ус цэвэрлэх байгууламжийн төлөвлөлт, зураглал зэрэг ажлууд дээр дэмжиж ажиллахаа уламжлаад цар тахлын нөхцөл байдал намжвал инженер, мэргэжилтэн солилцоог идэвхжүүлнэ” гэв.

Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр аймгийн бүс нутгийн онцлогт тохирсон ахуйн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилчдын ур чадварыг сайжруулах олон үйл ажиллагаа явагдах бөгөөд цаашлаад орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх олон талын ач холбогдолтой гэдгийг Засаг дарга О. Батжаргал онцоллоо.