Монгол Улсад Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Туран Ворлд” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Н.Мустафа, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.
Наймд улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин О.Түмэн, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Батмагнай нар үлдэв.
Маргааш буюу тавдугаар сарын 5-ны 13:00 цагаас “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.