Цаг үеийн мэдээ

Нэгдсэн үндэстний байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас 2021 онд сар бүрийг Тогтвортой хөгжлийн аль нэг зорилгыг дэмжиж таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа. 8-р сард боловсролын “Тогтвортой хөгжлийн зорилт 4”-ийг таниулан сурталчлах сарын ажлыг өрнүүлж байна. Аяны  хүрээнд Монгол улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран сурталчилгаа нөлөөллийн хэд хэдэн ажлыг зохион байгуулна.

Монгол улс ЮНЕСКО болон НҮБ-ын Хүүхдийн сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийг нутагшуулах, хэрэгжүүлэх, зорилтууд, шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний боловсролын салбарын стратеги, төлөвлөгөөнд тусгах, нийцүүлэх ажлыг 2016 оноос эхлүүлсэн. ТХЗ 4-ийг сурталчлах сар нь Монгол улсад хэрэгжүүлэх ажлын хүрээнд гарсан ахиц дэвшлийг тоймлон авч үзэх, 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн үйл явц, хэрэгжилтийн биелэлтэд үр дүнтэйгээр хяналт тавих таатай боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд ТХЗ-уудыг таниулан сурталчлах, үндэсний боловсролын салбарын төлөвлөгөөнд уялдуулан нэгтгэх чиглэлд хийсэн ажлын явцыг үнэлэх, дүгнэх, Тогтвортой хөгжлийн Алсын хараа 2050 баримт бичиг, НҮБ-ын Монгол дахь Хөгжлийн тусламжийн хүрээ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ зэрэг баримт бичгүүдийн хэрэгжилттэй уялдуулан нийцүүлэх, Боловсрол 2030 хөтөлбөрийг үндэсний стратеги, бодлоготой нийцүүлэх, хяналт, хэрэгжилтийн механизм, хэрэгжилтэд гарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэх, үндэсний бүх оролцогч талуудыг оролцуулах зорилготой юм.