Цаг үеийн мэдээ

УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар, 18 дугаар тойрогт 42.42 буюу 21 527 иргэн, 28 дугаар тойрогт 45.12 хувь буюу 51 437 иргэн саналаа өгчээ.

Энэ сарын 10-нд болсон нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувийн ирцтэй байсан. Тодруулбал, нийт 148 хэсгийн хорооноос Хэнтий аймагт 16, Сонгинохайрхан дүүрэгт нэг хэсгийн хороонд ирц 50+1 хувийг давсан бол бусад хэсэгт бага үзүүлэлттэй байлаа. Иймд нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгуулах болсон юм. Өнөөдрийн нэмэлт санал хураалтаар ирц хүрээгүй хэсгийн сонгууль өгөөгүй иргэдийн саналыг авч байна. Ингэхдээ, өмнөх санал хураалтын дүн дээр өнөөдрийн дүнг нэмж дээрх ирцийн мэдээ гарч байгаа юм.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.