Израил болон Палестины Хамас бүлэглэлийн дайныг зогсоож, хүмүүнлэгийн хямралд өртсөн Газад удахгүй гал зогсож магадгүй байна. Гал зогсоох хэлэлцээрт зуучлах үүрэг гүйцэтгэж байгаа АНУ, Египет, Катар улсуудын төлөөлөгчид гал зогсоох хэлэлцээр удахгүй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.
Египетийн нийслэл Каир хотод Хамас бүлэглэлийн төлөөлөгчид зуучлагч орнуудын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа Газыг зорьсон байна. Тэд гал зогсоох саналыг хүлээж авах эсэхээ эргээд бичгээр мэдэгдэхээ илэрхийлжээ.
Израилын талаас Газад 40 хоногийн хугацаатай гал зогсоох, Газын хойд нутгаас орон гэрээ орхин дүрвэсэн иргэдийг гэрт нь буцаах, барьцааны иргэдийг суллах зэрэг саналыг Хамас бүлэглэлд тавьжээ. Харин Хамас-ын зүгээс Израилыг Газаас цэргээ бүрэн татах, Газад бүрмөсөн гал унтраах саналтай байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Газад гал зогсоох хэлэлцээр байгуулахаар Ойрх Дорнодод долоо дахь удаагаа айлчилж байна. Тэрээр даваа гарагт Саудын Арабын нийслэл Рияд хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы ээлжит бус бага хуралд оролцох үеэрээ Израилын тавьж буй өгөөмөр саналыг Хамас хүлээж авах хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Блинкен мягмар гарагт Израилд айлчлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: bbc.com