Цаг үеийн мэдээ

Монголын жүдо бөхийн холбооноос талархал нийтэлжээ. Талархалд:

"Нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Монро транс компаны удирдлагууд болох Черных Александр Иннокентьевич болон Черных Антон Александрович нар 2007 оноос хойш засвар хийгдээгүй байсан Спортын төв ордонд байрлах Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн заал танхимыг өөрсдийн болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нарын санаачлагтайгаар 100%  хөрөнгө оруулалтаар 2020 онд бие даан иж бүрэн засварлан тохижуулж хүлээлгэн өгсөн билээ.

Өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 17 ны өдөр Монро транс компаны удирдлагууд болох Черных Александр Иннокентьевич болон Черных Антон Александрович мөн Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж-Мобайл компаны захирал Ганзоригийн Дашням нар хүрэлцэн ирж заал танхим болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа. Жүдо бөхөөр хичээллэж буй нийт тамирчид болон хүүхэд багачуулд саруул, цэвэр тухтай бэлтгэл хийх орчинг бүрдүүлж өгсөн МонроТранс компаны удирдлагууддаа дасгалжуулагч, тамирчдын өмнөөс гүнээ талархал илэрхийлэхийн сацуу Монро транс компани, Ж-Мобайл компаны цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэе. Бид та бүхний итгэлийг тамирчдынхаа амжилтаар бататган хариулах болно" гэжээ.