Цаг үеийн мэдээ

МАН Олон улсын хүний эрхийг хамгаалах өдрийг олон жилийн турш уламжлал болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэр дундаа 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болох бүх нийтийн тайван жагсаалыг Улс төрийн товчоо анхлан зөвшөөрч байлаа. 

Улмаар Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдах шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байснаараа онцлогтой өдөр. Тийм учраас МАН-ын зүгээс тухайн шийдвэрийг гаргаж байсан Жамбын Батмөнхийн хөшөөнд жил бүр уламжлал болгон цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг билээ. Үүний дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Б.Тулга болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайд А.Ариунзаяа нараас  гадна МАН-ын Ажлын албаныхан  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд  цэцэг өргөж,  хүндэтгэл үзүүллээ.   

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд шилжих процесс улс орон бүрт өөр өөрийн гэсэн онцлогтойгоор өрнөсөн байдаг. Тэр дундаа нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр ардчиллын өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадсан улс үндсэндээ байдаггүй.  Бидний өвөг дээдэс маань залуу үеийн хүсэл тэмүүлэл,  нөхцөл байдлыг  соргогоор мэдэрч, бий болгож өгсөн учраас өвөг дээсээ  үнэлж, хүндэтгэх ёстой гэж үздэг. МАН-ын зүгээс хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарал хандуулж байгаа. Бид эрх баригч намын хувьд олдсон эрх чөлөө, ардчиллыг хуулиар баталгаажуулан хамгаалах чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна.  

Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд  Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй маш олон хуулийн зүйл, заалт бүрт нэгбүрчлэн дүн шинжилгээ хийж үзлээ. Эдгээр хуулийн олон заалтууд өнөөдрийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн чадахгүй байгаа заалтуудыг илрүүлэн гаргаж ирлээ. Ямар учир шалтгааны үүднээс хүний эрх зөрчигдөөд байна вэ, магадгүй зарим тохиолдолд зарим заалт хүний эрхийг хангаж чадахгүй, хоцрогдсон байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Бидний өмнөө тавьсан зорилго бол Монгол Улсын ардчиллыг, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хууль, эрх зүйн орчныг хуулиар баталгаажуулсан Азийн анхны улс болох том зорилготойгоор ажиллаж байгааг энэ ташрамд  тодотгоё” гэлээ.