Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн 7 хоногт явуулын хоолны бизнес эрхэлдэг залуусын төлөөлөлтэй уулзаж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх тухай захирамж гаргаснаа танилцуулсан. Тус захирамжаар нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Ингэснээр стандарт, шаардлага хангасан явуулын хоолны үйлчилгээг нийслэлийн нутаг дэвсгэрийн хаана ч чөлөөтэй эрхлэх боломж бүрдсэн хэмээн мэдээлсэн. Одоогоор "Явуулын хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо"-нд 600 гаруй хүн гишүүнээр элсэх хүсэлтээ ирүүлжээ. Аюулгүй байдлын стандарт, шаардлага хангасан хүнсний худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх нь гудамжны хүнсний бизнесийг дэмжих гол шаардлага хэмээн Food station төслийн санаачлагч О.Билгүүн хэллээ. 

Food station төслийн санаачлагч О.Билгүүн: "Одоогоор "Явуулын хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо"-нд бүртгүүлэх хүсэлтэй 600 гаруй хүн байгаа. Энэ хүмүүсийн цаана 600 гаруй гэр бүл байгаа гэж хэлнэ. Бид 600 гаруй хүсэлтийг бүгдийг нь элсүүлж чадахгүй. Ямар нэгэн шалгаруулалттай байх болно. Тэд энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх ёстой. Үүнд хөрөнгө зарсан байх ёстой. Энэ чиглэлээр тууштай явах чадалтай хүмүүсийг сонгож авна. Мөн удирдах зөвлөлдөө явуулын хоолны үйлдвэрлэгчид, катрингийн үйлчилгээ явуулдаг хүмүүс, хоол зүйч, стандарт хэмжил зүйн салбарын хүмүүс гэх мэт хууль эрх зүйн орчныг сайн мэддэг, чаддаг хүмүүсийг нэгтгэх хүсэлтэй байгаа. Тийм учраас энэ холбоог байгуулаад, гишүүдээ элсүүлэх үйл ажиллагаа жаахан удаашрах төлөвтэй байна. Яагаад гэвэл бид нар яаж ажиллах зарчмаа ойлгох ёстой, яаж ажиллавал энэ холбоо тогтвортой үр дүнтэй ажиллаж болохыг судалж байна. Үүнийг би өөрөө удирдаад манлайлан явж байгаа"

Food station машины эзэмшигч Н.Нямсүрэн: "Манай үйлчилгээний гол онцлог нь үйлдвэрээс бэлдэж ирсэн хөлдөөсөн материалуудаар үйлчлүүлэгчийнхээ нүдэнд дээр шууд хоол хийж өгдөг. Машины ерөнхий бүтэц  нь хоол хийхэд зориулагдсан. Нарны эрчим хүчээр хөргөгч болон гэрлүүдээ асаахад ашигладаг. Хоол хийхдээ газаар ажилладаг грилл, тосонд шарах зориулалттайгаар ажилладаг. Грилл дээр олон төрлийн хоолоо хийх боломжтой. Сав баглаа боодлын хувьд байгаль амархан шингэдэг органик сав ашигладаг. Хуванцар сав хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас бид түүнийг ашигладаггүй" 

Иргэн Номин: "Өглөө ажилдаа ирж байхад энд энэ үйлчилгээ нээгдэж байгааг харсан. Удахгүй маш гоё симфони хөгжим эгшиглээд маш гоё санагдсан. Ер нь зуны дулаан цагт явуулын хоол маш гоё байдаг шүү дээ. Энэ үйлчилгээ нээгдсэн болохоор цайны цагаараа зорьж ирж хоол идэж байна. Биднийг харж байхад шууд хоол хийж өгч байгаа нь маш эрүүл санагдаж байна. Энэ хамт олны үйлчилгээ, харилцаа нь маш сайхан санагдаж байна"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг