Цаг үеийн мэдээ

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяраар хүн бүр өтгөс буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, амар мэндийг нь эрэн мэндчилэн золгодог билээ. Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймгийнхаа ахмадуудаас хамгийн өндөр насыг зооглож байгаа Хотонт сумын Бургалтай багийн уугуул, өдгөө 105 гаруй настай Сэрээтэрийн Чадалзуур гуайд хүндэтгэл үзүүлж, золголоо.    

С.Чадалзуур гуай 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хань Д.Баасанбатын хамт Хотонт суманд насаараа мал маллажээ. Идэр залуудаа эмнэг адуу сургадаг, ороо морь уургалдаг, гэрийн ширдэг, дээл зэргийг оёдог байжээ. С.Чадалзуур гуай аймгийн Засаг даргаас хүндэтгэл үзүүлж буйд талархаж, Архангайчууддаа сар шинийн мэнд хүргэлээ.