Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг нар “Монголд зочлох жил -2023-2025” ажлын хүрээнд Чингис хаан нисэх онгоцны буудлын  үйлчилгээний соёл, ариун цэвэр, “Welcome to Mongolia” брэндинг, сурталчилгаа байрлуулсан эсэх, жуулчдын хот руу зорчих автобус, таксины хүртээмж, үнэ, зочдын орох гарах болон ачаа хүлээн авах хэсэгтэй танилцав.

Дээрх асуудлуудад Чингис хаан олон Улсын нисэх онгоцны буудал хангалтгүй ажиллаж байгаа ба чанар үйлчилгээг ойрын хугацаанд сайжруулах, Монгол Улсын нүүр хуудас болох гол газруудын нэг учир Засгийн газраас гаргаж буй бодлого шийдвэртэй үйл ажиллагаагаа уялдуулах, жуулчин орж, гарахад ямар нэгэн хүндрэл учруулдаггүй байх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, “Welcome to Mongolia” сурталчилгааг байршуулах тал дээр анхаарч ажиллахыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Китанака Такэфумид  үүрэг болгов. 

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь зургаа удаа ирж ажилласан ба ирэх бүрт энэ асуудал сайжрахгүй байгаа тул хэрэв энэ байдлаар үргэлжилнэ гэвэл “Нью Интернэйшнэл” ХХК-ийн менежментийг цуцлуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор өгөх болно гэдгийг Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Китанака Такэфумид хэллээ. 

Мөн үйл ажиллагаагаа “Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээнд уялдуулж, хамтран ажиллахыг хүслээ.