Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын төлөөлөгчид  жил бүр айлчилдаг уламжлалтай. Энэ удаагийн айлчлалаар ирэх 8 дугаар сард болох сурагч солилцооны хөтөлбөрийн талаар болон дүүргийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын талаар санал бодлоо солилцлоо.

Сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын 29 хүүхэд, 2 багшийн хамт “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-т амарч, монгол соёл, зан заншилтай танилцах юм.

Мөн Изүнокүни хот Сонгинохайрхан дүүрэгтэй хамтын харилцааны хүрээнд Монгол улсын  Жюүдо бөхийн холбоотой хамтран ажилласаар ирсэн. Цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд  “Улаанбаатар Гранд Слам”-д Сонгинохайрхан дүүргийн тамирчдыг дэмжин ажиллах талаар илэрхийлэв.

Изүнокүни хотын Хамтын ажиллагаа, хот байгуулалтын хэлтсийн дарга Оосава Цүтомү, Аялал жуулчлал, соёлын хэлтсийн дарга Иноүэ Масарү тэргүүтэй төлөөлөгчид ирээд байна.