Цаг үеийн мэдээ

2023 оны 11-р сарын 3-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа Өргөө 2 кино театрт түрээсийн гэрээ 2022 оны 12 сарын 31-ээр дууссантай холбоотойгоор үйл ажиллагааг зогсоож технологийн салбарын залууст боломж олгох үүднээс дараах шаардлагыг хүргүүллээ. Шаардлагад: 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Нью тур сафарис” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний хугацаа 2022.12.31-ны өдрөөр дуусгавар болсон. 

Үүнтэй  холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Мэдээлэл, технологийн үндэсний паркаас Нью тур сафарис ХХК-нд түрээсээр ашиглаж буй талбайгаа 2023.11.03-ны өдрийн дотор чөлөөлөх тухай албан мэдэгдэл болон гэрээ сунгах боломжгүй тухайгаа хуулийн хугацаанд удаа дараа тайлбарлаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд талбайг чөлөөлөх сүүлийн хугацаа өнөөдөр болно. 

Гэтэл “Нью тур сафарис” ХХК-ийн зүгээс талбай чөлөөлөхөд гарах зардал буюу  Өргөө-2 Кинотеатрыг өөр газарт нүүлгэх, одоогийн хэмжээнд сэргээн босгох, нүүж очсон газартай холбогдох бүхий л зардал, ажилчдын цалин хөлс, кино үзвэрийн үйл ажиллагаанаас олох ёстой байсан орлого, болон бусад давхар түрээслэгч нарын түрээсийн орлогыг гаргуулах гэсэн шаардлагыг ирүүлсэн нь хуульд нийцэхгүй, эрүүл бус, бизнесийн ёс зүйгүй байж боломжгүй үйлдэл гэж үзэж байна. 

Танай компаниас хөрөнгө оруулалт хийсэн нэрийн дор төрийн өмчийн байрыг барьцаалж, үнэгүйдүүлж, өөрт эдийн засгийн давуу байдал бий болгож өнөөдрийг хүртэл түрээсийн талбайг чөлөөлөхгүй байгаа хууль бус үйлдэл нь Мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагаанд санаатай саад учруулах, бусад иргэн, хуулийн этгээдийг давхар хохироох, мэдээллийн технологийн гарааны компаниудын хөгжлийн боломжийг булаасан үйлдэл болоод байна.  

Бидний зүгээс гэрээний хугацааг дахин сунгах боломжгүй гэж өөрийн байр сууриа тодорхой удаа дараа илэрхийлсээр байтал танай компани өнгөрсөн 13 жилийн хугацаанд төрийн өмчид оруулсан хөрөнгө оруулалтаараа далайлгаж, төрийн өмчийг өөрийн бий болгосон өмч мэтээр тайлбарлаж, хууль бус шаардлага тавьж, түрээсийн гэрээнд тусгагдсан заалтыг илтэд зөрчиж, бусдад давхар түрээслэх байдлаар ашиг олсоор байгаа явдал нь танайд түрээсийн төлбөрөө төлж байгаа иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлж, хохироож буй үйлдэл болно.  

Иймд Монголын программ хангамж үйлдвэрлэгчид болон мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгч залуусын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, бизнесийн ёс зүйг баримтлан, ашиглаж буй төрийн өмчийн барилгыг буюу төрийн нийтийн өмчийг  хэвийн ашиглахуйц байдалд оруулж, нэн даруй чөлөөлж өгөхийг шаардаж байна.

Бидний шаардлагыг эс зөвшөөрвөл шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Захирал Ж.Золзаяа