Цаг үеийн мэдээ

Булган, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ аймгийн нутагт ой, хээрийн түймэр гарчээ. 

Тодруулбал:

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Хэцийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 65 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 06-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн ажилтнуудтай хамтран 19:20 цагаас эхлэн ойн түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 20:10 цагт цурамд оруулан тавдугаар сарын 07-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж тус сумын Уньт багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 0.5 га орчим талбай өртөж шатжээ. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Баясгалант багийн “Цагаан бэлчирийн урд салаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар 06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн ажилтнуудтай хамтран тавдугаар сарын 07-ны өдрийн 01:13 цагаас ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, тавдугаар 07-ны өдрийн 11:30 цагт цурамд оруулсан, унанги мод ихтэй цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 4 га орчим талбай өртөж шатжээ.

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Японы-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 196 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 07-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангитай хамтран 16:59 цагаас ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатжээ.

Сэлэнгэ аймгийнэ Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  “Ар цант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, Ерөө сумаас зүүн хойд зүгт 258 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/-т ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн icc.mn веб сайтад ой, хээрийн гал түймрийн 2 цэг илэрсэн тухай дуудлагыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас тавдугаар сарын 07-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын байцаагч, орон нутгийн 3 иргэнтэй хамтран Мандал сумаас 20:50 цагт гарч 90 км замыг туулан тавдугаар сарын 08-ны өдрийн 05:28 цагт “Хонин нуга” гэдэг газарт очсон. 05.08-ны өдрийн 07:30 цагт цааш хөдөлгөөн үйлдсэн байна. 

Эх сурвалж: ОБЕГ