БНЧУ-ын хамгийн эртний бөгөөд том Карловын их сургуульд өчигдөр /2023.12.21/ зэвсэгт халдлага гарчээ. Нийслэл Праг хот дахь Карловын сургуульд буутай оюутан халдлага үйлдсэний улмаас 14 хүн амь үрэгдэж, 25 хүн гэмтэж шархадсан байна. Сэжигтэн халдлага үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэсэн гэж цагдаа нар мэдээлжээ.
Мөн цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн 24 настай, Карловын их сургуулийн Урлагийн сургуулийн оюутан бөгөөд Прагаас 21 км зайтай Хостоун хотоос иржээ. Халдлага хотын төв дэх түүхэн дурсгалт байгууламж болох Карловын сургуулийн Урлагийн танхимд орон нутгийн цагаар 15:00 минутад болжээ. Халдлагын үеэр амиа аврахын хүссэн багш сурагчид гадаах тагт, сургуулийн ханан дээр нуугдаж, зарим нь үсэрч зугтаасан байна.
Чех улсын Ерөнхий сайд Петр Фиала уг халдлагатай холбогдуулан энэ долоо хоногт төлөвлөсөн бүх арга хэмжээгээ цуцалсан байна. Карловын их сургууль зул сарын баярыг тохиолдуулан 23-ны өдрөөс амрах гэж байжээ.
Их сургуульд халдлага гарсны дараахан сэжигтний ирсэн Хостоун хотод бусдын гарт амиа алдсан эрэгтэйн цогцос олдсон байна. Уг эрэгтэйг сэжигтний аав байж болзошгүй гэж таамаглаж байгаа бөгөөд сэжигтэн Прагт ирж халдлага үйлдэхээсээ өмнө аавыгаа хороосон байж болзошгүй юм. Түүнчлэн гэмт этгээд хуулийн дагуу галт зэвсэг эзэмших эрхтэй байжээ. 2022 оны мэдээллээр Чех улсын сая орчим иргэн галт зэвсэг хуулийн дагуу эзэмшдэг хэмээн бүртгүүлсэн байна.
Карловын их сургууль нь 1347 онд байгуулагдсан Европын хамгийн ууган сургуулиудын нэг юм.
Эх сурвалж: Еdition.cnn.com
1
2023-12-25
ха ха Карлов гшш